Thursday, December 20, 2012

Хэрэглэгчтэй харилцах соёл

Ажилтай хүмүүст байр, гэрлийн төлбөрөө төлөх ч  багагүй ажил болчихоод байдаг шүү дээ.  Харин сүүлийн үед интернет, мобайл банк, гэх мэт олон үйлчилгээ гарч ирээд, нэг талаараа сайхан ч цаад төлбөр нэхэмжлэгчийг дураараа нэхэмжилж байхыг дэмжээд байгаа юм шиг санагддаг тал бас байна.

Friday, December 14, 2012

Дошны гэр

Анх Нарны гүүрийн барилгын ажлыг 2010 оны хавар эхлүүлж байхад энэ гэрийн цаад талд 3 гэр, бяцхан гэр хороолол амьдардаг байв.

Wednesday, December 12, 2012

Бужигнуулагчийн уран бүтээл

Манай дүүгийн саяхан 2 нас хүрсэн, яслийн цэрэг хүү байдаг юм. Миний нүдэн дээр эвлүүлдэг тоглоом эвлүүлж,  том аниагаар магтуулж аваад маадгархан зогсох зээ дүүгийн уран бүтээлийг оруулж байна.

Monday, November 26, 2012

Үзэгчийн сэтгэгдэл

УИХ-ын гишүүн С. Ганбаатар, С. Баярцогт нарын халз мэтгэлцээн өнгөрсөн 5 дахь өдөр болж, тэр бүр нийтэд нээлттэй байгаагүй тоо баримтыг дэлгэсэн сонирхолтой мэтгэлцээн болов.

Monday, November 5, 2012

Нарны гүүрийн талаарх энгийн мэдээлэл

Нарны гүүрийн тухай бага сага гадарлах хүний нэг учраас хэд хэдэн зүйлийг тодруулбал зүгээр санагдаж байна. Ялангуа хүүхэд залуучуудад.

Monday, October 29, 2012

Сүүлийн үеийн сонин хачин

Сүүлийн үеийн сонин сайхнаас оруулъя гэтэл эхнээсээ бүдгэрээд, яг юунаас эхлэхээ мэдэхгүй хэсэг хугацаа алдчихлаа.
Гүүрийн ажил дуусч, нээлт  хийснээс хойш, хамт ажиллаж байсан андын хурим, төрсөн өдөр, шинэ караокены нээлт, үргэлжлүүлээлээд дүү охины хүүгийн үсны цайллага энэ тэрийг бөөндөж, өдөр бүр халамцуу, орой бүр гөлөмцүү гэртээ харьсаар арваад хоногийг ардаа үджээ.
Халамцсан үеийн биш хэдэн зураг оруулвал юу хийсэн минь арай тодорхой юм шиг байна.

Saturday, September 8, 2012

Зөв бурууг нь хараад өгөөрэй

Манай гүүрэн дээр босгосон дурсгалын чулуу. (Дурсгалын гэрэлт хөшөө, ккк)
Гүүрэн дээрээ явган хүний замтай бөгөөд өгсөх, уруудах явган хүний шат дөрөв бий. Шат бүр дээр дурсгалын чулууг байрлуулж, гүүрийн нэрийг Монгол, Япон үсгээр сийлсэн юм.

Monday, September 3, 2012

Ажлын сонин сайхан

Нарны гүүрийн барилгын ажлын явц тун дажгүй, графикын дагуу баригдаж байна.  Өнгөрсөн 8-р сарын 25 өдрийн байдлаар гүйцэтгэл 90 гаруй хувьтай байв.

Monday, August 13, 2012

Э. Бат-Үүл даргад амжилт хүсэх нь

Амралтын өдөр хотоос зүүн тийш гарахдаа, авто замын эвдрэлийг хараад элэг эмтрэв. 
Даан ч дээ, хайран хөрөнгө мөнгө, хугацаа хэмээн дотроо халаглаж явлаа.
Офицеруудын ордон өнгөрөөд зүүн тийш Чулуун овооны аюулгүйн тойрог дээр арслан ч юм уу, нохой ч юм уу? хэдэн амьтаны хөшөөг хийж эргэн тойронг нь зүлэгжүүлсэн боловч эвдэрхий замаас болж гарах шороо тоосонд дарагдан гундуухан сүглийнэ.
Орой телевиз үзэж суутал хотын шинэ удирдлага албаны хүмүүсийн хамт зам, гүүрийн засвар шинэчлэлтийн ажилтай танилцаж байна.

Saturday, July 21, 2012

Хархорин, Эрдэнэ зууд авсан зургууд

Наадмаар буухай аргаар нэг аялаж үзлээ. Хархорин орчимд авсан зургууд

Thursday, July 19, 2012

Хөшөө Цайдам дахь Түрэгийн дурсгалт газар

Наадмаар явсан газрын сонин.
Архангай аймгийн Хашаат сумын нутгийн Хөшөө Цайдам дахь музей талын дунд холоос цайвалзан харагдана.
Монгол-Түркийн хамтарсан судалгаа хамгийн сүүлийн үед дорвитой судалгааг хийж, олдворыг нарийн сайхан тайлбарсан нь олны хүртээл болж, холын хүнд соньхон үзмэрийн нэг болжээ.

Sunday, June 24, 2012

Сонгуультай хамааралтай захих үг

Дэлгүүрийн кассны ард үл ялиг дуугарлалт үүссэн тул би ч мөн адил дугаарлан зогслоо. Гэтэл миний ард дуугарлан зогсох хоёр "Сонгууль өгөөд яахав дээ, ямар сонгуулийн дүнгээрээ болох биш" хэмээхийг сонсоод эргэн харвал залуухан эмэгтэй, эрэгтэй хоёр. Миний дугаар ч болсон тул, авсан зүйлээ бичүүлээд, мөнгөө төлөн, гарахаар явахад нөгөө хоёрын яриа санаанд эргэлдэнэ.
Яагаад ийм залуугаараа итгэлгүй болчихсон юм бэ? гэдэг асуултыг асуумаар санагдав. Гэвч нэгэнт асууж чадахгүй тул, өнөөдөр сонгуулийн ажиллагаа ид дундаа яваа тул нэр дэвшигчидэд зориулж хэдэн үг хэлье гэж бодов.

Tuesday, June 5, 2012

Сонгууль ба сонгогчидын соёл

Сонгууль ойртож буй энэ үед бүх хэвлэл мэдээллийн сувгаар сонгуулийн тухай ярьж, бичиж эхэлдэг бичигдээгүй хууль нэгэнтээ тогтож, хаа, сайгүй бичиж, тэмдэглэж байгаа болохоор ямар ч хүнд уншигдахаар орчин нэгэнтээ аль хэдийн бүрдчихсэн байна.
Өнөөдөр  http://olloo.mn/ дээрх "Монголын улс төр дэхь хатан ухаан" нийтлэл нүднээ өртөж, унших зуур сүүлд нь оруулсан уншигчидын сэтгэгдэлийг уншаад, дотор давчдаж, үзэг цаас нийлүүлж буй нь энэ бөлгөө.

Monday, May 7, 2012

Стандарт дагасан асуудлууд

Стандарт, нийтээрээ дагаж мөрдөх дүрэм журам ба улсынх, олон улсынх гээд яахын аргагүй дагаж мөрдөх баримт бичиг мөн билээ.
Саяхан зам, барилгын ажилд хэрэглэж буй хүнд даацын машиныг замын цагдаагийн газраас хүчтэй журамлалт хийж эхлэв. Яагаад юунаас болов?
MNS:4598-2003 гэдэг стандарт хангахгүй байгаа учраас гэнэ.

Friday, March 16, 2012

Замд тааралдсан Банхар

Хотын хөл хөдөлгөөн ихтэй гудамжаар харихаар алхаж байв.
Гэнэт хажууд, миний багад манайд байдаг байсан Банхартай адилхан нохой сүүлээ моодогнуулан шогшиж харагдлаа. Би шууд л Банхар гэж сэтгэн, өхөөрдөн түүнийг дуудвал, сүүлээ шарвагнуулж эрхлэн хажууд минь ирж намайг даган шогшив. Түүний улаан хүзүүвч, байдал төрх нь эзэнтэй болохыг илтгэж байв.

Tuesday, February 21, 2012

Сар шинийн мэнд хүргэе!

Баясгалан хэмээх усан луу жилийнхээ сар шинийг төрлөөрөө түвшин амглан, элгээрээ энх амгалан угтахыг блогт минь саатагч уншигчиддаа хүсэн ерөөе!

Thursday, February 16, 2012

Дэмий яриа

Хоолны газар хоёр Японтой хоол идэх зуур хананд өлгөөтэй байсан чононын зураг ярианы сэдэв болж орхиод, мал руу дайрдаг, ялангуяа хонь, ямаа нь хээрийн боохойн зоог болдог тал бий гээд л сүрхий ярьж суув аа.
Гэтэл, хүнрүү дайрах уу, барьж идсэн тохиолдол бий юу? гэж надаас онцолж асуув.
Бараг үгүй дээ, гэхдээ хаяа золгүй тохиолдол болдог гэсээн, хүнтэй таарвал хүн өөрийгөө хамгаалаад байдаг болохоор гайгүй юм шиг байна лээ... гэвэл яаж хамгаалах вэ? гээд юу юугүй саарал гуайтай тааралдаж, амиа хамгаалах нөхцөлд ирчихсэн мэт санаа зовосхийн асууж байна.
Тэгэхээр нь үгүй яахав дээ, гал асаавал чоно галруу ойртож чаддаггүй юм гэнэ лээ. Энэ угсраа асуулт асуугаад байгаа нөхөр чинь намайг байнга үгээр идэж кайф авдаг нөхөр байхгүй юу. Завшааныг ашиглаад би, та санаа зоволтгүй ээ, та тамхи татдаг юм чинь, таарсан ч та асаагуураараа гал асаачихвал болоо гэвэл, хэсэг дуугүй сууж байснаа
-За тэгвэл, би гараа түлэх юм байна л даа гэдгийн.
-Яагаад? гэвэл
-Асаагуур удаан барихаар гараа түлчих гээд байдгийн. кккк
Юу вэ одоо, тэрийгээ ашиглаад гал түлэхгүй юу, асаагуурын галыг чинь асангуут нь салхи унтраачихна биздээ, манай охиноос дор юм ярих юмаа. гээд шоолж хариугаа авлаа. ккк
Дээр нэг удаа, хаширын буруугаас болоод би хүнтэй муудалцаад, буцах замдаа би бөөн уур.
Намайг ууртай дуугүй байгаад байсан болохоор нөгөөх чинь яриа өдөж байна.
Хаа хамаагүй юмны талаар шүү.
Замын хажуугийн зүлэг хэсэг газраа хүний хөлд талхлагдаад өвс ургаагүй шороогоор байгаа хэсгийг зааж, зөвхөн энд яагаад өвс ургаагүй юм болоо? гэнээ. Ккк, хариулт нэхээд байгаа бололтой шүү, ууртай байсан, дээрээс нь миний уур хүрэх шалтгаан болсон өнөө японд би,
Тариачин та мэдэхгүй байхад, би яаж мэдэх вэ дээ? гэж хариу барьтал,
-Нүүдэлчин та өвс ургах, ургахгүйг нь мэдэж байж нүүж малдаа өвс идүүлнэ биздээ гэдгийн. Саваад уначихсан. Писхийтэл инээд алдаад, уур ч нисэн алга болсон доо.

Wednesday, January 18, 2012

Лицензгүй юм аюултай

Сая Нараагийн блогийг уншаад гэнэт нэг явдал санаанд орлоо. Коментоор үлдээх гэсэн чинь их санагдаад.
2004 оны намрын 8, 9-р сард би хөдөө сумаар орчуулганд явсан юм.
Намайг тэр орчуулганд явахаас 2, 3 жилийн өмнө өвсний үндэсээр санхүүжүүлсэн нэгэн төслийн үр дүн ямар байгаа талаар хийсэн судалгаа.
Архангай, Өвөрхангай, Төв аймгийн зарим алслагдсан сумдын дунд сургуулийн IT -н техник хэрэгсэлийг нэмэгдүүлэх зорилготой Сакура хэмээх төсөл байсан юм билээ.
Хөдөө явсан судалгааны багт 2 Япон байсан ба хоёулаа IT-н мэргэжлийн бөгөөд нэг нь олон улсын байгууллагат сайн дурын гишүүн, нөгөө нь Японы төрийн бус байгууллагын ажилтан, нэгэн их сургуулийн багш байв.
Жолоочоо оруулаад бид дөрөв 14 хоног Архангай, Өвөрхангай аймгийн сумдаар ажиллав.
Дунд сургуулиудад Сакура төслөөр Японы нэгэн их сургуулийн РС-г актлаад тээврийн зардлыг нь өвсний үндэсээр санхүүжүүлж хөдөөгийн сурагчидад хүргэсэн юмсанж.
Япончууд хөдөөгийн хүүхдүүд РС-гүйгээс болж мэдээлэл зүйн хичээл нь алдаг оног ордог муу талыг арилгах зорилготой байсан тул Windows программ биш Linux гэдгийг РС-д суулгаж, ашиглалтын зааврын хамт сургуулиудад хүргүүлжээ. Яагаад гэдгийг нь учир мэдэх хүмүүс нь мэдэж байгаа, Windows software бүх компьютерт суулгавал хуучин РС-нээсээ хэд дахин үнэтэй болох тул free Linux ашиглуулахаар болсон юм билээ.
Харин Linux -н ашиглалт ямар байгааг бидний судалгаа тодруулах учиртай байлаа.
Ккк, маш муу байсан, өөрөөр хэлбэл Япончуудын өгсөн тусламжийг хулгай хийх хэрэгсэл болгосон байна гэдэг дүгнэлт гарсан юмдаг.
Сум болгон дээр очиж, сургуулийн захирал, мэдээлэл зүй, тоо, физикийн багш нар, ахлах ангийнханг цуглуулан уулзалт зохион байгуулж форматласан ч Windows software-г суулгаж болохгүй талаар баахан ярив. Зарим нь сайн ойлгоод эвдэрсэн РС-гээ засуулж, ашиглах талаар зөвөлгөө авч байхад аль суманд билээ дээ нэг дэнхийсэн том хүү босож ирээд бут цохьсон асуулт асуув.
Нөгөө хоёр Японоос та хэдэн настайдаа охинд дурласан бэ? гэхэд зааланд сууж байсан хүмүүс пирхийж, би бүүр нүд орой дээрээ гарсан юмдаг.
Нөгөө Япон нь ч бүүр чихэндээ итгэхгүй байгаа бололтой баахан бөөрөнхий хариулт өгсөн юмдаг.
Тэр хоёр Японы ярианаас Microsoft-н талаар бага сага анх сонсож бас Монгол бол маш өчүүхэн зах зээл учраас Microsoft тоохгүй байдаг юм болов уу даа гэсэн хувийн дүгнэлттэй үлдсэн.
Тэрнээс биш хүн ам олон, хэрэглэгч олон бол яах ч аргагүй өндөр үнээр худалдаж авах, үгүй бол Нараа шиг байдалд орно гэдгийг ойлгож авсан.
Манай хөдөөгийнхөн мөн сайхан санаа амар хүмүүс шүү. Багшийг нь буруутгаад, Япончуудын өгсөн тусламжийг зохистой хэрэглэсэнгүй гэж байхад хэнэггүйтээд тийм асуулт тавиад өөр юм бодоод сууж байдаг.

Wednesday, January 4, 2012

Нохой муур хулгана гурав

Анх нохой, муур, хулгана гурав эгч дүү мэт эв найртай, сайхан амьдардаг байжээ.
Нэг сайхан өдөр хүн, нохойг хогшил хөрөнгөө харж, хонь малаа хамгаалдаг болохоор нь "ХОТОЧ" гэдэг цолыг олгож алтан үсэгтэй үнэмлэх өгчээ. Үүнийг нь муур мэдээд ихэд атаархаж,
"Нохойн алтан үсэгтэй үнэмлэхийг үгүй хийхгүй бол чи бид хоёр хүнд ойр дотно явж хоол унднаас нь хулгайлах аргагүй боллоо" хэмээн хулганад хэлж, хулганаар нохойн алтан үсэгтэй үнэмлэхийг хулгайлуулжээ. Хулгайлж авсан алтан үсэгтэй үнэмлэхээ хулгана гөлчгийдөө өгч уруулчихжээ.
Тэгээд муур, хулгана хоёр нохой дээр очин " Чи яагаад хүнтэй ийм ойр дотно болчихов? чамд араатны хаан тийм эрх олгоогүй шүү дээ" гэхэд нохой, "Надад тийм эрх бүхий алтан үсэгтэй үнэмлэх бий" хэмээн гаргаж үзүүлэх гээд эрээд олсонгүй гэнэ шүү.
Нохой хулганад хар санаж, "Чи хулгайлж авсанаас зайлахгүй" гээд ухасхийхэд хулгана үхтэлээ айж "Би хулгайлаагүй, муур ах л ав гэсэн юм" хэмээн часхийтэл хэлж гэнэ.
Тэгэхээр нь нохой муурыг хөөж, муур баригдахыг шахан хөөгдөж байхдаа, хулганыг үнэнээ хэллээ хэмээн уурлаж, хулганыг хөөв.
Хулгана санд мэнд нүхэндээ ороход муур улам ч сандран шуудхан модон дээр үсрэн гарч, харин нохой модны доор боргоон хуцаж, ингэж л нохой, муур, хулгана одоо болтол бие биенээ үзэж чадахгүй болсон гэнэ ээ.
...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...