Thursday, December 3, 2009

Муур багшийгаа зүүдлэв

Олон жилийн өмнө хамт ажиллаж байсан даргыгаа маш тод зүүдэллээ. Хамгийн сүүлд даргыг нутаг буцсанаас хойш сураг тасарч, холбоо ч бариагүй орхисон юмдаг.
Япон хүн гэхэд хэт ил цагаан хүн байсан юм уу? эсвэл дарга өөрөө англи хэлэнд мундаг байсан болохоороо америк зан шингэсэн байсан уу? эгэл мөртлөө одоо эргээд санахад эгэл биш ч юм шиг нэг ерөнхий инженертэй бүтэн хоёр жил хамт ажилласан байх юм.
Анх харахад мууртай ч адилхан юм шиг ногоон туяа татсан том хүрэндүү нүдтэй, дээд уруул дээрээ ширвээ сахалтай байсан болоод ч тэр үү Монгол ажилчдын дунд Вася ах гэж дуудагдах болсон юм даг.
Хашир инженер бид хоёр тэр ажилд зэрэг шахуу орсон бөгөөд бид хоёрын хамгийн эхний ажилд 2-р сарын 19-ний өдөр үйлдвэрлэлийн баазаар ашиглах талбайг Нийслэлийн газрын албаар заалгуулж авах байлаа. Хэдийгээр цагаан сарын дараахан байсан ч малгай, ороолтгүй Африкт ажиллаж байгаад ирсэн Япон инженерт Монгол хатуухан самар болох нь ойлгогдсон байлгүй дээ. Хотынхоны заасан газрыг үзэж байтал даараад хамар нь чавга шиг болсон дарга маань гэнэт "энэ майхан чинь яах болж байна? Хэнийх юм бэ" гэдэг байгаа. Юун майхан сав болчихдог билээ гэж гайхсан чинь, хэдэн гэрийг заадаг байгаа. Майхан сав гэж ярьсан янзын нөхдүүд гэж бодсон байлгүй дээ газрын албаныхан 100*100 м2 газар гаргаж өгөх ёстой байсан ч 80*100 м2 болгон танасан юмдаг.
Нэг мэдсэн дарга малгай, бээлийтэй болчихож. Би ч юм хэлсэнгүй. Сүүлд сонсох нь ээ даарч ирмэгцээ манай нэг охиныг дуудаад ямар ч хамаагүй малгай, бээлий авч ирэхийг даалгасан байсан шүү. Хэ хэ хамгийн эхнийх нь үүрэг даалгавар тэр байсан байхаа.
Инженер бид хоёр зэрэгцэж сууна. Зэрэгцэж суудаг байсан болоод тэр үү? бусад хүнээс илүү даргын тухай ойлголттой, бас хамгийн их юм заалгаж авсан азтай хүн би.
Хэлний сургууль төгссөн тэр үеийн мань мэтийн нөхөдөд РС ажиллуулах, инженерийн туслах хийчихээр чадвартай хүн цөөхөн байсан биз.
Тэр бүхэнд дарга маань уйгагүй зааж өгдөг сөн. Тухайн үедээ ингээд үгэлчихдэг юм шүү гэж боддог байж билээ.
Одоогоор өөрийнхөө хэрэгцээнд тохируулаад РС хэрэглээд байгаа нь даргын маань ач шүү дээ. Бас муухан инженерийг дагуулахгүй инженерүүдийн яриаг орчуулах чадалтай болсон минь тэр хүний ач.
Манай төслийнхөн чинь 40, 50 хүн орж гардаг том контортой, тэр бүхийг дарга нарийн хянаж удирддаг байсан юм.
Нэг өдөр надад хэлж байнаа. Чи нь цаашаа ажиллая гэвэл гадаад хэл сурах гэж бүү шуна, чи хүнийг ажиллуулж сур. Эхлээд чадварыг мэд. Дараа нь нэг өдөр магт, нэг өдөр хор шарыг нь гартал муу байна гэж загна. Тэгэхээр чинь хүн алдаагаа олж хардаг юм. Тэгээд алдаагаа олоод харахаар нь эргээд магт. Тэгвэл тэр хүн гялалзтал хийнэ. Хэт дандаа магтаж болохгүй бас загнаж бас болохгүй гэж ирээд л менежментийн хичээлийн цагаан толгой заалгаж байв.
Би чинь хагас дутуу Япон хэл жаахан мэдэх болохоос англи хэлэнд таг нөхөр байсан. Даргын шахалтаас болоод зам гүүрийн материал дээр гавъяа байгуулахгүй ч гай болохооргүй англи хэлний мэдлэгтэй болсон. Яагаад ч юм хэнийг ч ялгалгүй их шахаж юм хийлгэх гэж үздэг байв.
Дандаа магтаад байхаар нөхөр бас бишээ. Хэ хэ
Хүүхнүүд та нар хуурамч юманд итгэдэг нөхдүүд гэж ирээд л.
Хэ хэ, нэг өдөр, 9 сарын хэдэн билээ дээ нэг өдрийг Заяа, чи энэ өдрийг сайн цээжил, тэгээд тэр өдрөө болохоор надад хэл гэж лүндэн буулгав. Яагаад? гэж гайхтал, манай эхнэрийн төрсөн өдөр би мартчих гээд байдгийн. Чи заавал надад урьдчилж хэлээрэй, чи мартах юм бол би гэрээсээ хөөгдөнө шүү гэж билээ.
Дарга эхнэртээ хаягдахгүй гэж их хичээдэг байсныг бодвол эхнэртээ их хайртай байсан биз. Хүүхнүүд та нар төрсөн өдөр мартах зэргийг уучлах хэрэгтэй гээд... марзан яриа нь эхэлдэг сэн.
Өөрөө их залуу сэтгэдэг байсан байхаа, анх ирэхдээ 37 байсан юм даг. Дараа жил нэг яриан дундуур та чинь 38 хүрч байгаа билүү гэсэн их л санадарч арай хүрээгүй байгаа гэж инээд хүргэж байсан юмдаг. Сарын дараа ч билүү 38 хүрэх байсан юмдаг.
Тэр үед 30 нас хүрээгүй байсан би, өнөөдөр өөрөө даргын тэр насан дээр ирчихээд юу чадахаа бодож сууна.
Тэр миний хамт ажиллаж байсан инженерүүдийн шилдэгүүдийн нэг билээ.
Дам сурагаар Африкт ажиллаж байгаа гэж сонсоод, "Монгол орон амьдарахад сайхан боловч ажил хийхэд маш хэцүү" гэж нэг удаа уурандаа хэлж байсан нь чихнээ сонсогдох шиг болдог юм.
Мэдээж Монголчуудын эрээ цээргүй, дээр дооргүй юмыг гувчуулах, ашиглах гэсэн Монголчуудын бүтэлгүй занг дарга мэдэрдэг болсон. Тиймдээ ч байх, Би та нартай бол ажилламаар байна, гэхдээ Монгол нэг л бишээ, надад Африкт илүү ажил хийхэд хялбар байдаг гэж хэлэхийн сонсоод Монголчуудыг хальт өмөөрсөн боловч гацаанд орчих гээд байх тул би бууж өгч байсан юмдаг.
Муур багшийгаа зүүдэлсэндээ ихэд бэлэгшээж байгаа билээ.
Үлгэрийн муу муур багш биш, жинхэнэ сайн муур багш шүү.
...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...