Saturday, October 24, 2009

Хувинтай чоно

Чоно гөлөглөж байсан үе байлаа. Ээрэм цагаан талаар хөнгөн тэрэгтэй дарга жолооч хоёр торох юмгүй жирийлгэнэ. Цагаан зээр сүрэг сүргээрээ хуйлран бужигнаж, зарим нь замын хажууд үргэх ч үгүй харж зогсоно.

- Ноднин жил чоно гөлөглөсөн нүх хаахна байлаа? гэж даргыг асуухад:

- Энүүхэн гүвээг даваад гэж жолооч хариулав.

Тэр хоёр давхиулсаар чонын үүрийн ойролцоо ирээд мөр харж, байдлыг ажиглан дурандан ажиглаад гөлөглөсөн шинж илэрсэнгүйд шууд очиж нүхийг нь үзэхээр ярилцаад үүрэнд нь дөхөж явтал нэг том чоно гарч ум хумгүй зугтав.

Жолооч машинаа зогсоож, тэр чоныг дурандан ажиглаад гөлөглөсөн эсэхийг тааварлан ярилцав. Эргэж нэг ч харсангүй зугтсаар далд орохыг бодоход гөлөглөсөн нь гарцаагүй боллоо. Хэрвээ гөлөглөөгүй чоно бол заавал эргэж харах, зам муруйх, хэвтэж нуугдах зэргээр олон янзын байдалтай болдог.

"Дайснуудыг хойноосоо шууд хөөлгөж, гөлөглөсөн шинж авахуулахгүйн тулд эргэж харахгүй зугтдаг юм. Чоно их ухаантай амьтандаа" гэж өвгөн жолооч ярина. Гэвч дарга итгэсэнгүй. Үүрэн дээр нь очиж мэдье хэмээсээр тэр хоёр чонын үүрэнд тулж очлоо. Тэгээд чагнавал нүхний мухарт олон гөлөг гийнаж дуугаралдах нь тод сонсогджээ. Маргааш өглөө үүрээр ирж утахаар болж буцаж давхилаа.

Өглөө үүр шөнийн заагаар босож, жирийсээр үүрэнд дөхөж явтал нэг том чоно зугтаж харагдав. Түүний хойноос тоос татуулан хөөсөөр гүйцэж очтол нөгөө чоны хүзүүнээс том хувин зүүлттэй байхыг жолооч дарга хоёр харж гайхлаа. Юу вэ? Энэ чинь! гэж гэж өвгөн жолооч хэлэхэд буун дуу тас хийн дуугарч нөгөө чоно унах нь тэр! Хоёулаа тэрэгнээс бууж түүний дэргэд очвол наймын хувин хүзүүнээс нь дүүжлээтэй хэвээр байх юм.

Дэлэн хөх нь сэрийсэн хөөрхий чоно урт улаан хэлээ унжуулан зууж, шүдээ ярзайлган амьсгалаа хурааж байв. Гэтэл нөгөө хувин амь орж хөдлөх нь бүр айдас хүргэв. Улаан нялзрай долоон бэлтрэг нөгөө хувингаас уван цуван гарч ирлээ. Өчигдөр биднээс хар авч зугтасан эх хөсрий хувин авчаад гөлөгнүүдээ хийж үүрээ буруулан зугтаж бидэнтэй дахин тааралдсан байжээ. Чоно гэдэг ухаантай амьтан шүү гэж миний нэг танил сонирхуулан ярьсан юм.

"Зөв бичих учиг" номноос авав.

Friday, October 16, 2009

Шинэ гүүрэн гарц

Улаанбаатар хотод сүүлийн үед замын түгжрэл хэт их байгаа тухай бүгд ярилцах болжээ.
Тэгвэл та бүхэнд нэгэн таатай мэдээг сонирхуулъя.
Энх тайваны өргөн чөлөөнийн Баруун 4 замын уулзвараас Чингисийн өргөн чөлөөний Үйлдвэрийн цагаан хаалга хүртэл 4,9 км замыг 1,8 км зам болгон товчлон туулна гэвэл өнөөдрийн энэ их түгжрэлийг бууруулахад дорвитой өөрчлөлт орно гэж үзэж байгаа юм.
Бидний ярьж дадсанаар тээврийн товчооноос урагшаа төмөр зам дээгүүр давуулан Энгэльсийн гудамжтай (Улаанбаатар Дулаан түгээх хувьцаат компаний урдуур) холбох гүүрэн гарцын ажлыг ирэх оны хавраас эхлүүлэхээр төлөвлөөд байна.
Гүүрэн гарцын ажлыг Япон улсын засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх бөгөөд зураг төслийг Японы зураг төслийн компани аль хэдийн гүйцэтгэн холбогдох газруудаар батлууж бэлэн болгожээ.
Саяхан барилгын ажлыг гүйцэтгэх Японы компанийг шалгаруулах ажиллагаа явуулж дууссан болохоор ирэх оноос эхэлнэ гэдэгт бат итгэлтэй байж болноо гэсэн үг.
Уг гүүрэн гарцын даац нь 15-600 хүртэл тонн тул одоо хэрэглэж буй Гурвалжин, Энхтайваны гүүрүүдийн ачааллыг үүрэх бүрэн чадвартай, 262 уртааш м ган гүүр, хойд талын дөхөх замын урт 280м, урд талын дөхөх замын урт 353 м, нийт 895 м урт байна. Гүүрэн гарцын өргөн нь зам гүүрийн ирээдүйн хөдөлгөөний эрчмийг өсөхөөр тооцоолон 4 эгнээ байхаар төлөвлөжээ. Мөн уг гүүрээс Нарны замруу орох, гарах гарц хийснээр хөдөлгөөний урсгалын үр ашигтай хуваарилалтыг бий болгоно гэж Японы мэргэжлийн зураг төслийн багийнхан үзсэн байна.
Гүүрэн гарцыг Монголд хийгдэж байгаагүй гадсан тулгуур бүхий инженерийн чадвар нэлээд шаардсан технологиор барих юм байна. Зам гүүрийн барилгын ажил 2012 оны намар дуусаж ашиглалтанд хүлээлгэж өгнө.
...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...