Thursday, October 16, 2008

Охины маань нэг өдрийн аялал

Нэг өдөр ажлаас иртэл, охин маань "Манай анги аялалд явна 10000 төгрөг" гэдэг юм байна. Хаашаа, хэдий хугацаагаар, юу үзэх юм бэ? гэж асуутал хариулт байдаггүй шүү. Тэгэхээр нь би " Хаашаа, юу үзэхээр явах гэж байгаагаа мэдэж ирвэл аялалын мөнгө өгье" гэчихэв.
Гэтэл нэг хоногийн дараа, ээжээ мэдээд ирлээ. Тэрэлж гэдэг газрын гурван найзын агуй, бас мэлхий хад, Аръяабалын сүм музей үзнэ" гэж хэлээд мөнгө авах эрхээ олж авлаа.
Анх удаа аялалд явах гэж байгаа болохоороо дотроо хөөрхөн баяртай, хэрдээ л бэлдээд байна шүү.
Тэгээд ээжийн хувийн данстай зургийн аппаратыг авч явах болсондоо бүр ч баяртай байв.
Ингээд охинхоо авсан зургаас оруулъя.

Тэмээг анх удаа ийм ойрхон газраас харжээ. "Тэмээ томоо тиймээ хө Тэгнээ ачаа даанаа хө Заан шиг том мөртлөө Зан нь мөн ч сайхан шүү"Өөрөө дандаа зураг авсан тул охины маань зураг нь бараг байсангүй ээ. Энэ зураган дээр гол хавьд нь зогсож байгаа нь миний охин.
Намар цаг, тунгалаг хөх тэнгэр.
Ийм бурхан байдаг юм байна. Би уг нь Тэрэлж олон л явсан санагдах юм. Ийм бурхан байсанг санахгүй юм.
Дүүжин гүүрээр гарч, Аръяабалын музейг үзсэн гэнэ. Дүүжин гүүрээр гарахад савлаад эвгүй байсан гэж байна лээ.
Аръяабалын музье.
Аръяабалын музьен орох хаалга
Намрын өнгө будаг
Тэмцээн зохиогдсон гэнэ лээ. Өрсөлдөгч анги нь булхайцсан тул ялагдсан гэсэн. Унасан бөхөд шалтаг мундахгүй ээ гэж.
Сарлагийг бас анх удаа харсан нь энэ. Бараг хөдөө явдаггүй хүүхэдэд мал сонин харагддаг бололтой. Ангийнхаа хүүхдүүдийн зургаар дүүргэж ирсэн memory-д ганц нэг сонирхол татах зураг орсон байваа.
Өглөө 9 цагт яваад оройн найман цагаас арай өмнөхөн ирсэн юм.

Saturday, October 11, 2008

Сэтгэлгээний зөрүү

Япон улсад үйлдвэрлэл маш нарийн зохион байгуулалттай хөгжсөн байдаг гэдгийг бүгд мэднэ.
Нэг хөгийн юм бичмээр санагдчихлаа. Ухаандаа улсын хөгжлийн түвшингээс шалтгаалан хүний сэтгэхүйн зөрүүний тухай юм уу даа.
Хэдэн жилийн өмнө нэгэн үйлдвэрийн барилга угсралтын ажил дээр Япон инженертэй хамтран ажиллаж байв.
Намар болж Монгол хүний сэтгэлгээгээр бол хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашилж байсан цаг.
Уурын тогоо угсрах ажил дуусч байтал барилгын ажил жаахан оройтсноос болоод яндан хийх ажил нилээд яаруу хийлгэх болов оо.
Гайтай нь анх туслан гүйцэтгэгч компанитайгаа гэрээ хийхдээ яндангийн яршиг түвэгтэй ажлыг огт оруулаагүй байсан болохоор өөр хүмүүсээр хийлгэх үү? эсвэл туслан гүйцэтгэгч компаний ажлын завыг харж нэмэлт ажил хэмээн, гэрээний үнийн дүнг өөрчилөх үү? гэдэг асуудал тулгарч ирэв.
Нэг өглөө ажилдаа иртэл, "талбай дээр зураг төслийн дагуу яндан хийх хоолой ирсэн байна. Түүнийг тайрч гагнах "гагнуурчин" компанийг ол" гэж гадаад мэргэжилтэн лүндэн буулгав. Би дотроо гагнуурчны компани гэж тусдаа байдаггүй гэж тайлбар барих гэснээ болиод нэг найздаа үнэ хөлс тохирон гайтай янданг гагнуулан бэлэн болголоо.
За тэгээд яндан угсрахад бэлэн болсныг хэлтэл "яндан угсралтын мэргэжлийн компани дууд" гэдгийн. Элэг хөших дөхсөн боловч яадаг ийдгийг нь мэдэх гээд жаахан явуулмаар санагдаад бас нөгөө найздаа хэлж, найз маань кран мрантай ирээд угсарчихаад мөнгөө авчихлаа.
Ингээд барилгын бусад ажлын явцыг харан хэд хоног байж байтал, манай гадаад инженер надтай хийх ажлаа зөвлөлдөж байхдаа, их л бодож болгоосон царай гарган, "Танай улс ийм хүйтэн цаг агаартай нутаг тул янданг дулаалах мэргэжлийн дулаалгын компани гэж байх ёстой. Ирэх долоо хоногийн 3 дахь өдрөөс 5 дахь өдрийн хооронд янданг тусгай мэргэжлийн компаниар дулаалуулах ажлыг зохион байгуул" гэж авдгийн. Үгүй мөн ярина ярина гэхэд хэ хэ. Энэ яваа насандаа яндан дулаалах мэргэжлийн компани байхыг сонссон биш, золтой л инээчихсэнгүй арайхийн инээдээ барьлаа. Ядаж байхад тэр инженер их дарганцар нөхөр л дөө.
Даргын тушаал хойно яахав дээ янданчин найздаа хэлээд янданг дулаалуулах боллоо. Яндан дулаалах ажил эхлэж байна гэтэл гадаад инженер маань талбай дээр очиж үзжээ. Талбайгаас надруу утсаар ярьж байна. "Заяа энд нэг андуурал болсон шиг байна. "Дулаалгачин биш, янданчин ирээд ажиллаж байна" гэдгийн. Би утсаар баахан тайлбар тавиад санаа зоволтгүй, хийчихнэ гэж тайвшируултал " Чи боддоо, эхлээд гагнуурчин, дараа нь янданчин, дараа нь дулаалгачин, энэ гурав чинь гурван өөр ажил шүү дээ, нэг л хүн хийгээд байхын, би сайн ойлгохгүй байна" гэж хадуурч байвал яах уу.
Энэ тухай сүүлд нь "Янданчин" найздаа хэлтэл "Эр хүн, туг ч барина, тугал ч хариулна" гэж бөөн инээдэм болж билээ.
Япон улс хэдэн сая хүнтэй билээ дээ. Тэр Япон инженер яг л Японд байгаа юм шиг сэтгээд, Монголд тэр үйлдэл дамжлага бүрт компани байгуулаад байвал, бүгд компаний захирал болно биз дээ.
Харин Японд бол бүх юмыг дамжлага дамжлагаараа нь салган бэлтгэн нийлүүлэгчид хийж дараагийн дамжлагат ирмэгц дараагийн компани авч хийдэг. Хөөрхий тэр Япон инженерийн буруу ч юу байхав. Хөгжлийнхөө түвшингээр л сэтгээд яриад байхад, би бас хөгжлийнхөө түвшинд сэтгээд, цаашлуулаад л... ккк гэсэн.

Friday, October 10, 2008

Фиттнес клуб

Гэнэт л өөр юм хиймээр санагдаад... Фиттнес клубт явдаг юм байна. Учиргүй турж эцье гэж зориогүй ч "хөдөлгөөнгүй суух эрүүл мэндэд муу" гэж олон жил бодсны эцэст нэг өдөр клубын хаалгыг хоёр найз хүүхний хамт татсан хэрэг.
Эхний өдөр бүжгийн хичээл
Өндөр өндөр нарийхан охидууд дүүрэн, багш эмэгтэй нь сийлсэн мэт биеийн галбирыг гайхуулан бүжих ажээ. Учиргүй мундаг биш ч гэсэн бүжиг болоход зүгээр суудаггүйн хувьд бүжиглэв ээ. Хип хоп бүжиг ч гэх шиг баахан үсэрч үсэрч, ам хамар хатаад таг болох дөхөв. Дотроо бодлоо, ийм их хөлс гарч байгаа юм чинь лав үр дүнтэй биз, харин дандаа ингэж үсэрч бүжиглэвэл ч мэдэхгүй ээ гэж эргэлзэнгүй бодож зогсвоо.
Хоёрдох өдрийн хичээл. Йога
Энэ хичээл надад харин таалагдав. Үсэрч дэвхэрч сүйд болохгүй, хамаг биеийн чилээг гарган, сэтгэл тайвшираад зүгээр санагдав. Сунгалтын дасгалыг голчлон хийдэг юм байна.
Гуравдах өдрийн хичээл. Тавцантай дасгал.
Бүжгийн хичээлээс ч их үсэрдэг. Би үсрэх юманд дургүй болохоор жаахан тиймхэн санагдав.
Дөрөвдөх өдрийн хичээл. Комбат дасгал
Каратэ, бокс зэрэг тулааны урлагаас дасгалыг нь боловсруулсан юм гэнэ. Би өөрийгөө зодолдох дуртай гэж мэдээгүй өдий хүрчээ. Монгол хүн болохоороо тэрүү? сахилгагүйтэх төрлийн юманд цаанаа дуртай байна лээ шүү. Миний дургүй үсрэх хөдөлгөөн байгаа ч тавцант, бүжгийн хичээл шиг үргэлжлүүлэн үсрэхгүй болохоор их зүгээр санагдав. Цаашдаа ямар нэгэн тулааны урлагаар хичээллэдэг юм билүү гэсэн. ккк
Тавдахь өдрийн хичээл. Бөмбөгтэй дасгал
Их хүнд дасгалууд, товчхондоо сунгалтын дасгалууд, маргааш нь хамаг бие буларч манай ажлын гурван хүүхэн зэрэг ёолох нь тэр... ккк "Минийх арай гайгүй байна" гэтэл намайг бөмбөгтэй дасгалаа "буруу хийсэн" гэж хоёр найз маань онош тавьдаг байгаа хөөрхий.
Зургаадах өдөр. Импакт дасгал
Маш их энерги зарцуулдаг үсэрч хийдаг хичээл байлаа.
Маргааш орой нь миний бие өвдөөд хөдөлөхөд залхуу хүрч бие нозоорно. Унтахдаа хартал хоёр хөл минь тулам шиг болж хавдчихсан байх юм. Гэрийнхэн маань хэлж байнаа, өдий насны хүн гэнэт үсэрч харайгаад бөөр чинь өвдөж байгаа юм биш үү... 7 хоногт 2-3 удаа л явахад болно ш дээ, хэмээн загнах, аргадах хоёрыг хосуулан хэлж байнаа.
Өнгөрдөг долоо хоногт үсэрдэг хичээлүүдэд огт явсангүй, бие хөнгөрөөд сайхан болж байна. Буларсан бие ч овоо болов. Ингээд тавцант, импакт хоёрт явалгүйгээр бусадад нь явъя гэж шийдээд байгаа юм.
Найз нар маань дасгалдаа дасцгааж, юу ч гэсэн 3 сар үргэлжлүүлэн явъя гэж тохироод байгаа билээ.
Фиттнес клубт эмэгтэйчүүд их явдаг юм байна. Оройн цагаар их олон хүнтэй, гадаад бүсгүйчүүд ч гэсэн их явах юм билээ. Анх удаа явж байгаа болохоор бусад клубтэй харьцуулж чадахгүй юмаа.
Амьдралдаа анх удаа биеийн тамираар хичээллэсэн минь энэ буюу.

...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...