Friday, August 29, 2008

Икэбанагийн тухай

Монгол-Японы төв дээр энэ сарын 27-нд "Икэбана" хэмээх Японы уламжлалт цэцэг амилуулах урлагийн үзүүлэх сургалтанд хагас дутуу сууж үзлээ.
Бид хэн нэгнээс амьд цэцэг хүлээж аваад савтай усанд хийх зэргээр л арчилдаг бол икэбана хийвэл урт хугацаанд цэцгийн тансаг байдал алдагдахгүй таны өрөө тасалгааг чимэж байдаг юм байна.
Икэбанаг хийхэд чухал шаардлагатай хэрэгсэл бол "кэнзан" буюу хатгуур юм байна.
Эхлээд Ёшида багш өөрөө хийж үзүүлээд дараа нь сургалтанд оролцогчдоос сугалаагаар дөрөв дөрвөн хүн гарган бэлдсэн ширээнд суулган биечлэн хийлгүүлсэн тул амархан ч юм шиг санагдав.
Багшийн хийсэн бүтээлүүд. Сургалтанд оролцогчдын зургийг оруулав.
Цэцгээ ийнхүү амилуулан өрөөнд тавихад ойролцоогоор 7 хоног гоёмсог байдлаа хадгалдаг бөгөөд долоо хоногийн дараа хатуурт суулгасан цэцгээ сугалан авч, ишний үзүүрийг дахин ташуу зүсэн шинээр суулгахад дахин нэг долоо хоног амьдрах чадвартай юм гэнэ.
Гэхдээ Японы уламжлалт урлагт ордог болохоор энэ мэтийн бүдүүн тоймын тайлбараар бол хэн ч хийчих юм шиг мөртлөө тийм биш юм байна.
Икэбана нь дотроо олон олон урсгалуудтай бөгөөд, урсгал тус бүрүүд өөр өөрийн онцлогтой юм.
Мөн цэцгийн өөрийнх нь шинж чанараас хамаарч, зарим цэцэг сар орчим амилан тансаг байдлаа хадгалж байдаг бол зарим нь хагас өдрийн, 2 цагийн настай цэцэг ч байдаг.
Жишээлбэл: Очиябана буюу цайны цэцэг нь маш богинохон настай тул уг цэцгийг рестрон эсвэл гэртээ хүндтэй зочин ирэхэд тухайн зочинд тухайлан зориулж байна гэсэн утгаар икэбана болгон тавьдаг гэнэ. Зочин ч гэсэн тэр цэцгийн шинж чанарыг мэдэж байдаг тул зөвхөн намайг үйлчлүүлэх үед ийм цэцгээр гоёсон байна хэмээн үйлчилж буй хүмүүстээ хүндэтгэлтэй ханддаг.

Гоо зүйн мэдрэмжтэй болгох, мөн цэцгээс маш олон төрлийн таатай мэдрэмжийг хүн хүлээж авах боломжтой энэ урлаг нь Япончуудын үндэсний соёл, урлаг, гоо зүйн салбар тул хүн бүр маш нарийн ойлголттой ажээ.
Анх икэбанаг Япон эрчүүд хийдэг байсан бол "Мэйжи ишин"-гээс (Мэйжи ишин гэдэг нь Мэйжигийн хувьсгал буюу 1868 он хойш) явандаа эмэгтэйчүүд суралцан хийсээр орчин үед эмэгтэйчүүд хийдэг болсон. Ялангуяа залуу эмэгтэйчүүд нөхөрт гарахаасаа нэг, хоёр жилийн өмнө икэбанагийн сургалтанд маш ихээр суудаг гэнэ.
Мөн дунд сургуулийн сургалтанд икэбанагийн сургалт орж байдаг болохоор үндэсний энэ урлагийг мэдэхгүй Япон хүн байхгүй юм.
Иймд гоо зүйн өндөр мэдрэмжтэй Япончуудад цэцэг бэлэглэхдээ сайн бодож байж өгөх нь зүйтэй болов уу. Хэрэв сайн мэдэхгүй бол өөрөөс нь асууж болно.

Monday, August 25, 2008

"Икэбана" амьд цэцгийн урлаг

Японы үндэсний өвөрмөгц урлаг болох "Икэбана" -гийн үзүүлэх сургалт 2008 оны 8 сарын 27-ны өдрийн 14 цагт Монгол-Японы төв дээр болох юм байна.
Икэбана гэдэг нь үгчлэн орчуулбал амьд цэцэг гэсэн утгатай бөгөөд эрт дээр цагаас өнөөг хүртэл Японд уламлагдан үлдсэн урлагийн нэг төрөл юмаа.
Тарьмал болон хээрийн цэцгээр гэр орон, ажлын газар, өөрөөр хэлбэл хүнд таатай мэдрэмж төрүүлэх зорилгоор өрөө тасалгааг чимдэг байна.
Тасдаж орхисон цэцэг хормын төдийд үхэж өнгөө алддаг бол икэбана болгон хийвэл харьцангуй урт хугацаанд таны өрөө тасалгааг цэцгийн тансаг үнэр, өнгөөрөө чимэж байдаг. Мэдээж хэдий орчим хугацаанд гоёмсог байдлаа хадгалах нь тухайн цэцгийн өөрийн онцлог шинжээс ихээхэн хамаардаг.
8 сарын 27-нд болох Икэбанагийн үзүүлэх сургалтыг Японы Нагояа хотын урлагийн их сургуулийг төгссөн Ёшида Хидэми гэдэг эмэгтэй хийх юм байна.
Та бүхийг өргөнөөр оролцохыг хүсье.

Friday, August 22, 2008

Баданга хүдэрт аюул тохиолдож байна

Дэлхий дээр 3 төрлийн хүдэр байдгаас Монгол оронд Баданга хүдэр гэсэн төрөл нь байдаг.

Хүдэр нь өмнөд, зүүн, баруун өмнөд Азийн 10 гаруй улсад тархсан байна. Хүдэр эвэргүй, эр нь соёотой байдаг. 1 метр орчим өндөр, сэрвээгээрээ 60 см орчим өндөр. Эрийг нь гирээ, эмийг нь гирэгэ гэдэг. Гирэгэ нь голдуу нэг, ховор тохиолдолд ихэр янзага гаргадаг.

Хүдэр нь заар гэдэг анхилам сайхан үнэртэй төрснийхөө төлөө замбуулинд амьдрах тоо нь эрс цөөрч байгаа юм. Заар нь зөвхөн эр хүдэрт байдаг тул сувдаг сэтгэлтнүүд ашиг олох зорилгоор их хэмжээгээр агнах болжээ.

Америкийн Траффикийн судалгааны дүнгээс үзвэл Америкийн том том худалдааны төвүүдэд хүдрийн заар ашигласан бүтээгдэхүүн худалдаалагдах нь элбэгшиж байгаа гэнэ. Эдгээр бүтээгдэхүүний гарал үүсэл нь голдуу Хятадаас байдаг гэнэ.

Манайд хаяа зар сонсож байхад “Хүдрийн заар авна” гэсэн зар байдаг нь нууц биш юм. Хулгайн агналтаас үүдэлтэй тул баданга хүдрийн эр эмийн харьцаа алдагдаж саяхан Хөвсгөл Соёны уулсад /Хөвсгөл аймгийн нэлээн хэдэн сум багтсан байсан/ явуулсан судалгаагаар дөнгөж 300 гаруйхан эр баданга хүдэр буй аж. Гэхдээ энэ тоо нь Монголд байгаа бүх эр баданга хүдрийн тоо биш юм. 1985 онд явуулсан судалгаагаар Монголд 44,000 баданга хүдэр байсан бол, зах зээлийн нийгэмд шилжих үеэс хойш 30,000 хол давсан хүдрийн заар Дорно дахины эмчилгээнд зориулагдахаар урд хилийг давжээ. Одоогоор Монголд тархсан нутгийг бүрэн хамарсан судалгаа хийгдээгүй байгаа юм байна.

Байгаль орчны яамнаас баданга хүдрийг хамгаалах түүнийг өсгөхөд зориулан хөрөнгө төсөв, хэрхэн өсгөх төлөвлөгөө гаргаасай хэмээн хүсэж байна.

Алтайн зарим уулс, Хангай хөвсгөл, Хан хөхийд тархсан байсан бол Хан хөхийд бүрэн устсан гэнэ. Байгаль орчин хамгаалахад тухайн орон нутгийн ард иргэдийн оролцоо чухал ач холбогдолтой учраас хэн бүхэн хулгайн агналт зэрэгтэй идэвхтэй тэмцэх хэрэгтэй. Ард иргэдэд үүнийг ухуулан таниулж ойлгоход төрийн оролцоо шаардлагатай гэж бодож байна.

Телевизийн “Боловсрол” сувгаар өгсөн мэдээллийг сийрүүлэн бичлээ.

Wednesday, August 20, 2008

Өөрийгөө таних нь хамгаас чухал

1. Хүн өөрийгөө тань.
Хүн өөрийгөө таниж мэдснээрээ орчлонт ертөнцийг танина. "Мэргэд гарах оронд" хэмээх номонд хүн гэдэг бол дүрстэй биед шүгэлсэн дүрсгүй сүнс ба агуу сэтгэлээс тогтоно. Зүйрлэж хэлбэл махан бие сүм хийд лугаа сүнс ба агуу сэтгэлээс тогтоно. Зүйрлэж хэлбэл махан бие нь сүм хийд лугаа сүнс буюу бурханлаг мөн чанар нь дотороо 7 үндсэн хүрдтэй, 9 цагираг хүрээ бүхий гэрлэн биеэр хүрээлэгдэж байдаг. Гэрлэн биеийг Монголчууд хийморь гэдэг. Энэ нь хүний мэдээллийн орон бөгөөд үүнд урд төрөлд гал голомт, үе удам болон өөрийн бие хэл сэтгэлээр үйлдсэн мэдээлэл боловсрон хадгалагдан байдаг.
Энэ мэдээллийг энэ насандаа хүний бурхан болгох шид увидасыг эзэмшсэн хутагт хувилгаадууд маань харж уншиж тодорхойлдог үйлийн үрийн гажилт лай ланчигаас хэрхэн гэтэх замыг хойч үеийнхэндээ уламжлан дамжуулсан байна.

"Ил үзэгэдэхээс ихэс дээдэст догиногч хүн, үл үзэгдэхээс үйлийн үрийг мэдэхгүй хүн даанч мунхаг" гэж Очироор огтлогч сударт айлдсан байдаг. Гэвч үзэгдэхүй үйлийн үрийг дээдсийн дамжуулсан уламжлалт аргаар таниж мэдэж үрж арилгаснаар гэгээрэлд хүрэх боломжтой юм.
2. Хүний гэрлэн бие өөрийгөө зохицуулах тогтолцоо
Монголын хутагт хувилгаадын чуулганаас гаргасан “Мэргэд гарахын орон” бүтээлд “Хүн гэдэг бол дүрстэй биенд шүглэсэн дүрсгүй сүнснээс тогтсон юм” гэжээ.
Додигалсан хэмээх сударт Өнгөт ертөнцөд хүн болж төрсөн хэн бүхэн өөрөөсөө 10 дахин их гэрлэн биеэр хүрээлүүлж явдаг бөгөөд түүнээс цацрах туяа нь хүний сэтгэлийн өнгийг илтгэдэг гэдэг.
Монгол хүний сэтгэлдээ сүслэн хүлээдэг Баясгалангийн хаан болох Майдар бурханы биеэс цацрах гэрэл нэг багцад байна гэж мөнөөх сударт заасан.
Нэг багц гэдэг нь хар цагааны газар буюу 800-аад метр хэрийн зай гэсэн үг.
Энэ нь хүн бол бүх юмс үзэгдэлтэй эрчим хүчээр холбогдсон мөнхийн урсгалт гэрлэн тунгалаг биет юм гэдгийг харуулж байна. Жишээ нь: Хүн баярлахад сайхан эрчим хүч долгион цацарч цайвар өнгө гаргах, уурлахаар улаан болох, гомодохоор харлах зэргээр бүгд өөрийн өнгө гэрэлтэй байдаг байна.
Хүний махан биеийн гадуур хүрээлэн оршдог энэхүү эрчим хүчний бөөгнөрлийг /биоплазм/ гэрлэн бие буюу “Аур” харин Монголчууд хийморь гэж нэрлэдэг.
Арьсны гадаргуу дээр эрчим хүч био орон зай үлэмж хэмжээний талбай оршдог болохыг эртний Энэтхэг мэргэд 5000 жилийн тэртээ нээж “Аур” гэж нэрлэснийг орчин үед ангаах ухаан, бодис зүйн ухаанаар давхар баталсан.
“Аур” – Амьсгал, шинж тэмдэг, ёр, зөн гэсэн үг. Өндөр нь 220 см өргөн нь 125 см орчим хэмжээтэй материас илүү эмзэг биет юм. “Аур” нь хүний биеийн олон төв буюу Хүрднээс цацран гардаг биеийн туяанууд агуулсан амин бүрхэвч дэх эрчим хүчний бөөгнөрөл биоплазм буюу эрчим хүчний биеэс шалтгаалдаг. Бидний бие бүр эрчим хүчний өөрийн төрөлтэй байдаг бөгөөд тэдгээр нь бүгд хамтдаа хүний эргэн тойрон цацраг амин орон буюу үл үзэгдэх хийморийг бүрдүүлдэг. Эрт цагт энэхүү хийморийг гаргаж буй хүмүүсийн толгой дээрхи гэрлийн байдлаар бурханы хөрөгт дүрсэлж байжээ.
Бид эрчим хүчийнхээ язгуур чанараар сансрын ертөнцийн эрчим хүчийг хуран хүртдэг хүмүүс, хүний эрчим хүчний талбай /хийморийг/ хараад зогсдоггүй. Түүний хэлбэр өнгө, чиглэмжээр хүний зан араншин сэтгэцийн байдлын тухай мэддэг. Уламжлалт бус анагаах ухаанд үүнийг ауродиагностик гэж нэрлэдэг.
Хүн бол бичил сансар болох тухай эртний гүн ухаанд баталсан байдаг. Энэ бол сансрын бүх материаллаг бүтэц хүнд байдгийг хэлж байгаа юм.
Бүтцээрээ олон талт ертөнц бүрэлдэн тогтсон материйн бүх төрөл бидэнд байдаг. Сансар оршихуйн үндэс долоон зүйл оршдог гэж эртний сургаалиудад заадаг. Тэдгээрийн дотроос ганц физик зүйлийг ердийн хүний мэдрэхүйн эрхтэнүүд хуран хүртэж болдог. Бусад ертөнц эфир, астраль, сэтгэхүйн зүйл бидэнд үзэгддэггүй, сэрэлд буудаггүй. Бидний физик биеийн дотор ердийн нүдэнд үл үзэгдэх бас хэд хэдэн бүрхүүл далдлагдаж байдаг. Эдгээр биеийг бүрхүүлж буй матери сансрын матери бидний мэдэх орчлонт ертөнцийн гаригуудад бүрэн тохирдог. Ийм учраас хүний бүтцийг бүрдүүлдэг нэрс бидэнд танил : физик, эфир, астрал, ментал, тэрчлэн галан нарийвчлан хэлбэл түүний үр хөврөл болой. Энэхүү бие нь бүх үед жирийн хүмүүс гэгээнтэн, ид шидийг бүтээгч гэж үзэж ирсэн гагцхүү оюунлаг чанараар өндөр дээд бодгалиудад хэлбэржсэн байдаг.
Аурын тухай Арсун ахын бичлэгээс энд орж үзнэ үү.

Д. Цэвээнсүрэн багшийн лекцээс оруулав.

Monday, August 18, 2008

Хи хи хи

Олимпын анхны алтан медальтан төрж хотол түмнээрээ баярлан уухайлж байхад төр засгийн өндөрлөгүүд ч ард түмэнтэйгээ энэ баярыг хуваалцахаар Сүхбаатарын талбайн индэр дээр гарч ирсэн юм.
Ерөнхийлөгч эхлэн үг хэлж, дараа нь Монгол улсын ерөнхий сайд С.Баяр үг хэлвээ.
Гэтэл түүний үгэн дундуур "БИ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД БАЯР УРАААА" хэмээх үг орж, уухайн түрлэг авч орхив. кккк
Арай хувь хүнийг дахин шүтэх ёсыг сэргээх гэсэн юм биш биз. "Эрүүлдээ бодсон бодол, согтуу үеийн үйлдэл болдог" гэдэг үг байдаг шүү дээ... ккк

Friday, August 15, 2008

Баяр хүргэе! Баяр хүргэе! Баяр хүргэе!


Булган аймгийн Сайхан сумын харъяат, сайхан Монгол ээж, аавын хүү, ОУХМ, жудоч НАЙДАНГИЙН ТҮВШИНБАЯР Бээжингийн олимпоос жудо бөхийн -100 кг-ийн жинд хүч үзэн барилдаж олимпын алтан медалиийг эх орондоо анх удаа авчирлаа.
Алтан соёмбот далбаа Бээжингийн тэнгэрт мандаж, Монгол улсын төрийн дуулал Олимпын талбарт анх удаагаа эгшиглэлээ.
Олимпын аврага залуудаа өчигдөр орой Сүхбаатарын талбай дээр ард түмэн, төр засгийн удирдлагууд чин сэтгэлээсээ баяр хүргэж халуун дулаан уур амьсгалыг бие биедээ тарааж байв.
Эгэл энэ залуугийн энгийн даруу зан, түүний "ээжий аав" гэсэн Монгол сэтгэлгээ шингэсэн зүрх Монголчуудын маань үндэсний эв нэгдлийн бэлэг тэмдэг болж байна.
Түвшинбаяртаа цаашдаа улам их амжилт гаргаж, эрхэм алдраа бадруулж явахыг хүсье.
Мөн Бээжингийн олимпод одтой сайхан буудаж, манай тамирчидын салхийг сайхан хагалсан олимпын мөнгөн медальт ОТРЯДЫН ГҮНДЭГМАА -даа чин сэтгэлийн баяр хүргэе.
Хэдийгээр Герман улсын нэрийн өмнөөс буудсан ч олимпын хүрэл медаль хүртсэн ДОРЖСҮРЭНГИЙН МӨНХБАЯР-таа баяр хүргэж, сайн сайхныг хүсье.
Хурай, хурай, хурай

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДУУЛАЛ
Дархан манай тусгаар улс
Даяар Монголын ариун голомт

Далай их дээдсийн гэгээн үйлс
Дандаа энхжиж, үүрд мөнхжинө
Хамаг дэлхийн шударга улстай
Хамтран нэгдсэн эвээ бэхжүүлж
Хатан зориг бүхий чадлаараа
Хайртай Монгол орноо мандуулъя
Өндөр төрийн минь сүлд ивээж
Өргөн түмний минь заяа түшиж
Үндэс язгуур, хэл соёлоо
Үрийн үрдээ өвлөн бадраая
Эрэлхэг Монголын золтой ардууд
Эрх чөлөө жаргалыг эдлэн
Жаргалын түлхүүр, хөгжлийн тулгуур
Жавхлант манай орон мандтугай.
(Зургийг www.sonin.mn -с авсан)

Friday, August 1, 2008

Дугуйн замын тухай бодол

Хэний засгийн газрын үед ч билээ? "Эрүүл аж төрөхөд чухал шаардлагатай явган хүний гүйлтийн зам, дугуйн зам, ногоон байгууламжийг хот төлөвлөлтийн чухал элемент болгон түүнд зориулагдах зам талбайг бусад зориулалтаар газрын зөвшөөрөл олгохыг хязгаарлана" гэсэн утга бүхий үг өгүүлбэр сонсоод дугуйн замтай болох юм байна гэж бодож байсан билээ.
Өнөөдрийн байдлаар хотод энэ дугуйн зам гэчихээр юм нүдэнд харагдахгүй байгаа ч машингүй өдөр гээчийг зохион байгуулж байгааг Улаанбаатарт амьдарч байгаа хүн бүхэн мэдэх биз ээ.
Гэтэл өмнөд хөрш маань бүүр "Дугуйн вант улс" гэдэг цол гуншинтай, 70, 80-аад оны үед бол Хятадын иргэд ажилдаа унадаг дугуйг өргөнөөр ашиглаж байжээ. Өнөөдөр тэд, дэлхийн унадаг дугуйн үйлдвэрлэлийн 60 хувь, дотоодын боруулалтаараа дэлхийд толгойлож байна. Энэ тоо нь "Дугуйн вант улс" хэмээх эрхэм цолыг нь батлах баримт болдог ажээ.

(Бээжингийн гудамж, дугуй хөлслөх газар ч харагдаж байсан. Энэ хавар авсан зураг)Харин өнөөдөр Хятадууд дугуйг сонгох нь харьцангуй багасаж бусад төрлийн тээврийн хэрэгслийг илүү сонгодог болсон хэдий ч Бээжингийн төвдөө ч дугуйг унаж л байдаг юм билээ.
Хятадад дугуйг өргөн хэрэглэж ирсэн юм чинь манайхан ч гэсэн яагаад болдоггүй юм болоо? Ялангуяа энэ автозамын түгжээ, агаарын бохирдол гаарч байгаа өнөө үед их л хэрэгтэй санагдах юм.
Бид ч бас бэлэн юманд дуртай юм болохоороо засаг төрөө дугуйн замтай болгоод өгнө гэж горьдоод л... Засаг төр маань "мог шог" гээд л нэг иймэрхүү байх шив.
Гэхдээ "Санаж явахад бүтнэ" гэдэг ардын мэргэн үг байдаг болохоор удахгүй дугуйн замтай болно гэж найдаж байна даа.

...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...