Monday, June 30, 2008

Борооны ус буюу инженерийн шугам сүлжээ


Ойрын хэдэн жил орж байгаагүй бороо ойрдоо ороод байх шиг санагдах юм.
Өнгөрсөн долоо хоног Улаанбаатар битүү бороотой, сэрүүхэн сайхан байлаа.
Өчигдөр Баянзүрх дүүргийн зарим газраар гэнэт ширүүн аадар орж, хоромхон зуур хальт үер болов.
Борооны ус зайлуулах шугам сүлжээтэй бол аадар ороход, ингэж ус тунахгүй байх боломжтой.
Өнгөцхөн хийгдсэн хот төлөвлөлт дараа нь засахад харьцангуй их хүч, хөрөнгө шаардагдана.

Манай далд инженерийн шугам сүлжээнд өөрчлөн байгуулалт чухал шаардлагатай болоод байгаагийн гэрч энэ билээ.

Thursday, June 26, 2008

Хүүхдийн яриа

Ажлын газрын маань хүүхэн 7 настай охиноо ажил дээрээ дагуулж ирлээ. Их л сэргэлэн охин байв.
Хүүхэд юм болохоороо уйдав бололтой янз янзын юм ярьж байнаа.
Тэгснээ би та гурваар таавар таалгах уу? гэхээр нь тэг тэг гэвэл,
Чанасан өндгийг 2 хүн хуваахгүйгээр яаж идэх вэ? гэлээ, хүүхэд таалгаж байгаа юм болохоор нь таах гэтэл санаанд орж ирдэггүй ээ, хэ хэ... За за бууж өглөө, хариугаа хэл гэсэн чинь ............... гэсэн хариу хэлж бөөн инээдэм болов.

Цэгийн оронд тохирох хариултыг үлдээнэ үү.

Monday, June 23, 2008

Уурхайчдын ая дуу наадам

Сүүлийн үед телевизээр болон гадуур сонгуулийн суртчилгаа, нэвтрүүлгүүд голлож байгаа цагт ямар ч улс төржөөгүй "амьд" концерт өдөржингөө үзэж өөрийгөө баясгалаа.
Миний төрсөн нутгаас өөрцгүй өссөн нутаг бол Хэнтий нуруу, Хэрлэн голын хөвөөнөө байх Багануур билээ. Багануур ХК 30 жилийнхээ ойг 2008 оны 08 сарын 08-нд тэмдэглэхээр төлөвлөж байгаа юм байна. Энэ тэмдэглэлт үйл ажиллагаанд зориулан Уурхайчдын ая дуу урлагийн наадам болж өнгөрлөө. Уурхайн захиргааны зүгээс нилээд ач холбогдол өгч байгаа бололтой хотоос урлагийн нарийн мэргэжлийн шүүгчид ирсэн байлаа.
Наадам уралдаан 6 сарын 21-ний өдөр өглөө 10 цагаас эхлэн, дундаа 2 цагийн завсарлагатайгаар шөнийн 22 цаг хүртэл үргэлжилж багууд хүчтэй өрсөлдлөө.
Багануур ХК нь 1200 гаруй ажилчин, албан хаагчидтай Багануур дүүргийн хамгийн том үйлдвэрлэлийн салбар билээ.
Уурхайчдын ая дуу наадамд
1. Захиргааны баг
2. Уулын 1-р хэсэг
3. Уулын 2-р хэсэг
4. ТАМХ /Технологийн авто машины хэсэг/
5. ТАМЗХ /Технологийн авто машины засварын хэсэг/
6. Сувилал
7. Авто засварын үйлчилгээний хэсэг
8. Үйлчилгээний хэсэг
9. ЭХНХ /Эрчим хүчний нэгдсэн хэсэг/
10. НБАХ /Нүүрс бутлан ачих хэсэг/ гэсэн багууд оролцов.
Эрэгтэй, эмэгтэй гоцлон дуулаач, хошин шог, найрал дуу, хөгжмийн хэсэг, язгуур урлаг, хослон дуулагчид, нийтийн бүжиг, үндэсний бүжиг, эстрад зэрэг төрөл ангилалаар багууд өрсөлдөв.
Хичнээн нарийн мэргэжлийн биш ч гэлээ ямар их авьяастай уурхайчид вэ хэмээн дотроо бахархан бодож аргагүй галын бурхан гэж нэрлэгддэг шигээ гал цогтой хүмүүс байна гэж бодож байлаа.
Өглөө найз хүүхэн маань намайг хотоос ирснийг сонсоод завтай бол хүрээд ир гэхээр нь яриа нийлдэг унаган багын бүсгүйчүүдэд цайлах зуур ярих яриа байлгүй яахав. Надад ч бас найзаараа дамжуулан хийлгэх ажил байсан тул яаран очвол яриан дундуур уурхайн ажилчдын концерт болж байгаа, бас ч үгүй 30 жилийн ой болж байгаа болохоор дээр дооргүй нилээн ач холбогдол өгч тул хоёулаа үзэхээр болсон юм.
Сонссон даруйдаа явсан болохоор ямар ч бэлтгэлгүй, дотроо зургийн аппаратаа авчирсан бол хэмээн харамсаж суулаа.
Нэг урлагийн төрөл дээр бүх багаас нэг нэг номер үзүүлэн багын танил хүмүүс урлагийн тайзан дээр эгээ л урлагийн хүн мэт аяглах нь сэтгэлд дотнохон байх ажээ.
Мэдээж миний хажууд манай найз хүүхэн маань сууж, өөрөө ч уурхайд ажиллаг болохоор тэр ингэдэг, энэ ингэдэг, нэр хоч, удам судрыг надад их л идэвхийлэн танилцуулна. Тэгээд бүр настайвтар уурхайчин ахыг хослон дуулаачийн номерт хэрхэн шахуулж орсон, уг нь сайхан хоолойтой, өөрөө баахан сандруу хүн тул тайзны ард натри бромид ууж тайвширсан тухай, Авто засварын хэсэгт эмэгтэй ажилчингүй тул хоёр эрэгтэй хослон дуулж багийн оноогоо алдалгүй авчирч, бөөн инээдэм, ажил дээрээ хэн, ямар ямар алиа хошин ярианд өртөж онигооны баатар болсон тухай ярих тул ч бүр ч сонирхолтой байв.
Гэтэл тоон дунд үсэг гэдэг шиг язгуур урлагийн хөгжимчдийн дунд миний төрсөн дүү /эрэгтэй/ ятга хөгжим тоглосон нь нүдийг минь бүлтийлгэв. Анх тайзан дээр гарч ирэхэд нь нүд үнэнч гэдэгдээ гэж бодон харсаар байтал ямар ч байсан давгүй тоглоод орж явчихав.
Багууд хүчтэй өрсөлдөх ажээ. Уурхайчдын заал дүүрэн хөгжөөн дэмжигчид, эгээ л нэртэй од ирж концерт тоглож байгаа мэт уухайлан түрэн дуулах ажээ.
Эстрадын тоглолт болж багууд ээлж ээлжээр гарч байтал 10 жилд охидын нүдэнд дулаахан харагддаг байсан манай төгсөлтийн нэг нөхөр гарч ирвээ. Угийн 10 жилд байхын л гитар тоглодог, хөдөө гадаа ажлаар явахад хамтлагийн гитарчин болдог байсан залуу дүрээрээ гарч ирэв. Багын сайхан төрх нь их л өөрчлөгдсөн ч танигдаж байнаа. Их л онгод нь орж буй бололтой, нүдээ анин дуулж, цахилгаан гитарыг ингэж тоглодог юм гэж үзүүлээд орчихов.
Хошин шогийн номер нь бас л их хөгжилтэй, хар бор ажил хийдэг уурхайн залуучууд дэлхийн миссийн тэмцээнд өрсөлдөж, 25-р суваг телевизийн нэгэн сэтгүүлчийг "Танайд хоноё" нэвтрүүлэгээр цэцэрлэгт хонуулж, өглөө сэрэхэд нь хүүхдийн суултуур таарахгүй байна гэсэн шалтгаанаар багачуудын адил Алтантүрүүд памприсс өмсүүлж манаргалаа.
Үгүй нээрээ, бүжигэнд ямар сайн юм бэ? аан... За нийтийн бүжиг яахав гэхэд үндэсний "Үелзүүр" "Жалам хар"-г гайхамшигтай хийж байна лээ. Хамгийн гол нь эрчүүд голдуу, бүдүүн барагийн уурхайчид гэж бодож болохгүй юм байна лээ шүү.
За ингээд бүхэл өдөржингөө үргэлжилсэн наадам 22 цагт өндөрлөж, шүүгчид оноог дүгнэх хооронд Уурхайн "Элч" хамтлагийн тоглолтыг үзэж сонирхлоо. Өссөн нутгийнхаа иймэрхүү үйл ажиллагаанд хаяа ч гэсэн оролцож баймаар санагдав. Заал дүүрэн хүмүүс тэрээ, энээ гэж бие биенээ дуудан дулаан бүлээн уур амьсгалаар заалыг дүүргэж, надад ч гэсэн багын танилаас авахуулаад мэнд мэдэн яриа дэлгэх хүмүүс цөөнгүй байлаа.
Шүүгчдийн дүгнэснээр Эрчим хүчний нэгдсэн хэсэг баг түрүүлж, Нүүрс бутлан ачих хэсэг 2-р байр, Уулын 1-р хэсэг 3-р байр, хэ хэ 4-р байранд манай дүүгийн баг орсон байсан. Багуудыг мөнгөөр урамшуулж, бас урлагийн төрөл бүрт дотор нь байр эзлүүлж мөнгөн шагнал олгосон.
Илүү дутуу суртчилгаагүй айвуу, тайвуухан сайхан концерт үзэж өөрийгөө баясган өссөн нутагтаа нэг өдрийг өнгөрөөлөө.

Monday, June 9, 2008

Зээ дүүгийн хүсэлт

Зээ дүү, миний охин хоёр "Хүүхдүүд хил хязгааргүй" хайрцаг урлах уралдаанд оролцон зээ дүү маань 5-7 насны ангилалд "Мөрөөдлийн байшин" бүтээлээрээ 1-р байр эзлэн бөөн баяр болов. Бүтээлийг 6 сарын 1-д шалгаруулав.












1-р байрны шагнал нь өргөмжлөл, өөрөө явдаг машин байсан нь манай хэдэн гэрийн хүүхдүүдийн бөөн баяр болж, өөрсдийн хүчээр олж авсан бай шагналаа блогтоо тавихыг аниагаас шаарддаг байна ш дээ. /Блогт оруулах нь цаагуураа ээж, аавынх нь санаа биз хэ хэ... Бүр сонгууль шиг юм болох нь ээ ккк/
Амалсан ёсоор түрүүлсэн бүтээл болон бай шагналын зургийг нь орууллаа. Зээ дүү маань нэг настай охин дүүтэй. Дүүдээ унуулна хэмээн амлан байж ээж ааваараа өөр дугуй авахуулах эрх олж авсан.
Бай шагналд нь ролик, дугуй энэ тэр байсан болохоор хүүхдүүд шагналыг нь авах гэж их мэрийж байжээ. Охин маань бай шагналгүй хоцроод "баримлын шавраар л байшин хийдэг байж" гэж хэлээд бөөн инээдэм болов.
Ролик горилоод бараагүй болохоор идэвх зүтгэлийг нь үнэлэн охиноо роликтой болгож өгсөн. Манайхны хүүхдүүд уралдаанд оролцсон биш өөрсдийнхөө хүсээд байсан дугуй, роликтой болцгоов шив дээ.
Зуны амралт нь эхлээд охин маань өвөөгийнх рүүгээ роликоо аваад явчихсан байгаа. Амралтаараа ролик унаж сурах төлөвлөгөөтэй гэсэн.


.

Tuesday, June 3, 2008

Зун цаг айсуй


6 сарын 1-нд Баянзүрхийн товчоогоор орж ирэхэд зуны солонго татаж, сайхан харагдаж байлаа.
Бороо орохын өмнө.
...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...