Monday, May 26, 2008

Рамсарын гэрээнд бүртгэгдсэн Өгийнуур

2005 оны 11 сарын эхээр Архангай аймгийн Өгийнуур сумын клубт миний хувьд сонирхолтой санагдсан, нэгэн лекц семинарыг Японы Жайка, Байгаль орчны яамнаас хамтран зохион байгуулсан билээ. Тэр лекц семинарын агуулга нь байгаль орчинг хамгаалах нь зөвхөн төрийн хэрэг биш, ард иргэдийн дундаас зохион байгуулагдан гарах олон нийтийн байгууллага, жирийн малчин ард иргэд ч гэсэн унаган нутгаа хамгаалахад чин сэтгэлээсээ оролцож байж гэмээнэ үр дүнд хүрнэ гэдгийг тайлбарлан ойлгуулахыг зорьсон байв.

“Өгийнуурын ус намгархаг газрыг хамгаалах нь” гэсэн сэдэвт лекц семинарын үед Жайкагийн богино хугацааны мэргэжилтэн /усны орчин хариуцсан/ Р. Китаогийн тавьсан илтгэлийг миний бие хичээнгүйлэн орчуулсан юм.

Байгаль хамгаалах гэдэг бол зөвхөн цалин хүртэн ажиллаж байгаа хэсэг хүмүүсийн ажил огт биш бөгөөд өөрөөр хэлбэл байгалийн баялагаас хувь хүртэж байгаа хэн бүхний үүрэг юм. Байгалийн ямар нэгэн бүтээгдэхүүн хэрэглэдэггүй нэг ч хүн үгүй биз ээ.

Өгийнуур бол Архангай аймгийн Өгийнуур
сумын нутагт байдаг талын цэвэрхэн нуур юм. Нутгийн иргэд удны ус, бэлчээрийг нь их ашигладаг. Дээр үед улсаас загасны аж хуй эрхлэж байжээ.

Гэтэл сүүлийн үед нуурын зэгс үгүй болж, нуурын усны түвшин багасаж, зарим газраас нь эвгүй үнэр гарах болжээ.

Энэ нууранд олон зүйлийн шувуу амьдардаг тул олон улсын шинжээчдээс өндөр үнэлгээ авч, дэлхийн нийтийн өмч болсон билээ. Өгийнуур нь Рамсарын гэрээнд бүртгэгдсэн дэлхийд чухал нуур юм. Байгалийн баялгийг хамгаалж, түүнийг ухаалгаар ашиглахыг эрмэлзсэн олон улсын анхны гэрээ нь 1971 онд Ираны Рамсар хотод батлагджээ.

Рамсарын гэрээ гэдэг нь олон улсын хэмжээнд, ялангуяа нүүдлийн шувуудын хувьд чухал ач холбогдол бүхий ус намгархаг газрыг хамгаалах тухай гэрээ юм.

Рамсарын гэрээний эрхэм зорилго: Бүс нутаг, улс, олон улсын үйл ажиллагаа болон хамтын ажиллагаагаар дамжуулан, ус намгархаг газрыг хамгаалж зохистой ашиглах зорилготой. Уг гэрээнд хамрагдсан улс:138 улс (2004 оны байдлаар) Рамсарын гэрээнд бүртгэгдсэн газар:1370 ус намгархаг газар, (Талбай нь120 мянган га газар ) Рамсарын гэрээнд манай улсын 11 нуур бүртгэгдсэн байдаг.

1. Ачит нуур

2. Буйр нуур

3. Увс нуур

4. Хар ус нуур

5. Хүрх хүйтний хөндий нуур

6. Хөндий нуур /Бөөн цагаан, Орог, Таацын нуур, Адгийн цагаан нуур/

7. Өгийнуур

8. Тэрхийн цагаан нуур

9. Айраг нуур

10. Ганга нуур

11. Монгол дагуур нуур орох ба Рамсарын гэрээнд бүртгэгдсэн Монгол улсаас бүртгэгдсэн байдаг.

“Өгийнуурын ус намгархаг газрыг хамгаалах нь төсөл” бол Монгол улсаас Рамсарын гэрээнд бүртгэгдээд буй 11 нуурыг хэрхэн хамгаалвал болох талаар боловсруулж буй “загвар” төсөл ба хэрэгжүүлэгч нь Байгаль орчины яам болон Японы Жайка юм.

Яагаад эдгээр нуур болон ус намгархаг газрыг хамгаалах шаардлагатай вэ гэвэл усны шувууд маань олон мянган км замыг туулан байж ирдэг болохоор холын замд шувуудад түр буудаллах газар, нуур зайлшгүй хэрэгтэй. Зөвхөн нуурт анхаарах бус усны ундрага, ус намгархаг газар амьдрах бичил биетнээс эхлээд хөхтөн, сүүн тэжээлт амьтадыг хүртэл судлаж, нутагшуулах, амьтад байлгана гэдэг чинь бас хүнс тэжээлийн орчин бүрдэж байж байгалийн тэнцвэрт байдал хадгалагдан үлдэх ёстой. Байгалийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүйгээр иргэд байгалийн ашиг шимийг зохистойгоор хэрэглэхэд эрдэмтэдийн гаргасан судалгааны дүгнэлтүүд чухал үүрэгтэй.

Мэргэжлийн хүмүүсийн ярианаас олон юм ойлгосон ч усны орчин гэдэг ямар чухал болохыг доор тайлбарлахыг хичээе.

Альваа нэгэн нуур, гол мөрөн олон олон жижиг гол горхи, гүний ус, хөрсний ус, хурын усаар тэжээгдэж байдаг.

Өгийнуурын ус нь хэрхэн тэжээгдэж байна вэ?

1. Хөгшин Орхон голын усаар тэжээгдэж байна. Хөгшин Орхон нь Хангай нуруунаас эх авсан Шарын гол, Хужиртын эхээс эх авсан Хужиртын гол 2 нийлэх бэлчирээс Хөгшин Орхон болон урсдаг Хөгшин Орхон голоор тэжээгддэг. Орхон голоос эх авдаггүй ба андуурч болохгүй.

2. Гүний усаар тэжээгдэж буй тал дээр судлаачид нилээн санал зөрөлдөөнтэй байсан. Учир нь нуурын ард байрлах жуулчны баазын гүний худаг тийм их нөөцтэй бус... Урд талд нь байрлах Орхон багийн "Ар хонхорын худаг" /моторт худаг, 1968 онд байгуулагдсан/ харьцангуй ундрага сайтай байв. Өгийнуураас бараг 6 км орчим алслагдсан худаг. Одоо ч нутгийн ард иргэд энэ худгийг ашиглаж байна.

3. Хөрсний усаар тэжээгдэж байна. Хөрсний ус гэдэг нь бороо, цасны ус газар шингэн газрын хэвгийгээр дамжин нуурын усыг тэжээдэг байна.

Гэтэл цутгал голын эх, газрын хөрсийг бохирдуулах нь усны орчинг бохирдуулдаг. Усны орчин дахь шинжилгээг тогтоосон усан цэгүүд дээрээс авч шинжилгээ хийхэд сод, давсны хүчил ихсэж байаа нь усны орчинг судлаж байсан эрдэмтдийн судалгаа шинжилгээнээс харагдаж байсан. /усны орчины судалгаан дээр профессор Туваанжав, судлаач Мөнхзул нар Жайкагийн мэргэжилтэн Китаотай хамтран ажилласан/ Усны орчины давсны хүчил ихсэх тусам, газар тариалан, ургамалд муугаар нөлөөлөх ба өөрөөр хэлбэл газар хужиртаж давсжина. Давс дангаараа ямар нөлөөтэйг хүмүүс мэднэ. Үхсэн организмыг ч гэсэн хатааж занданшуулдаг. Усанд давсны хүчил их байвал амьд амьтанд нөлөөлж, Усанд амьдарч байгаа амьд амьтан ургамал багасаж, нуурын амьд байгалийн амьдралд муугаар нөлөөлдөг. Нууранд амьд организм үхэхэд уг үхсэн биеийн ялзрал, задрал явагдаж янз бүрийн хий гаргадаг. Өгийнуур ч ялгаагүй хөгшин Орхон бохирдон цутгал нь багасчихаар нуур хөрсний усаар тэжээгдэж эхлэхээр усны түвшин багасаж, хөрс нь бохир болохоор бас л усны орчноо бохирдуулчихдаг юм билээ. Ингэж л экологийн тэнцвэрт байдал нь алдагдаад...ширгэх нь ширгэж эхэлдэг. /Энд ганц жилийн судалгаа шинжилгээний дүнгээр дүгнэх боломжгүй юм гэдгийг усны орчинг хариуцан судалсан эрдэмтэд хэлж байсан. Энэ төсөл цаашид 5 жил үргэжлэнэ/

Дээрхи шинжилгээний дүнгүүд баахан химийн томъёо болон мэргэжлийн үг хэллэгээр дүүрэн ба жирийн хүмүүст бол тэр дүнг шууд үзүүлж тайлбарлахад түвэгтэй тул, семинарын өмнө жирийн хүнд тайлбарлана гэж янз янзаар тайлбаруулж ойлгосон маань дээрх өчүүхэн хэсэг.

Лекц семинар дээр Японд 1970-аад онд байгаль орчин ялангуяа усны ундрага муудаж, түүнээсээ шалтгаалан усны орчин асар их бохирдож, хүмүүс хордлого тусч, цагаан будаа хар өнгөтэй ургаж экологийн тэнцвэр алдагдснаас үүсэх хохирлууд бодит амьдрал дээр их гарч байжээ. Ингээд ард иргэдийн хүчин чармайлтаар 1971 онд Японд “Усны тухай” хууль батлагдаж, түүнээс хойш сайжиран сайжирсаар одоо бүр жуулчид хүлээн авдаг том том газрууд болсон тухай жишээ болгон ярьж байв.

Жишээлбэл Хоккайдогийн Күширо нуур, Айчи мужийн Яхаги гол зэргийг жишээ аван тайлбарлаж байсан. Тэгээд Япончууд олон нийтийн дэмжлэгээр одоо сайхан болчихсон юм гэсэн шдээ

Хоккайдогын Күширо нуур Рамсарын гэрээгээр хамгаалагддаг. Тэнд жилд 150000 жуулчин ирдэг ажээ.

Тус лекц, семинарт Орхон гоын сав нутагт багтах сумдын засаг дарга, Архангай аймгийн засаг дарга, болон олон нийтийн байгууллагууд болон Өгийнуур сумын иргэд өргөнөөр оролцон унаган байгаль эхээ хамгаалах нь хэний үүрэг вэ гэдэг талаар бага ч болов ойлголттой болсон гэж боддог юмаа.

Friday, May 23, 2008

Козакүра буюу далий ягаан


Улаанбаатарт урин цаг ирж хотын таримал зүлэг, мод саяхнаас ногоорч эхлээд байгаа билээ.
Хамт явж байсан Японоосоо доорхи зураг дээрхи модны нэр юу гэдгийг нь асуутал "Козакүра" хэмээн ажиг ч үгүй хэлж байна. Япон сакүрагаас ямар ялгаатай байна? гэтэл жижиг модноос жижиг цэцэг гарч, бас их орой цэцэглэх юм. Хүйтэн болохоор тэр биздээ гэв. Козакүраг нь Монгол хэлрүү буулгавал жижиг сакура буюу "Давжаа сакүра" гэж болох юм. Энэ хоёр зургийг өнөөдөр багшийн дээд сургуулийн замын эсрэг талд авсан юм.
Нэг удаа багштайгаа ярьж суутал багш, ..."Монголд сакура 5-р сарын дундуур 7-10 хоног цэцэглэдэг. Манайхан сайн мэддэггүй юм, Сакүрагийн монгол нэр нь "Далий ягаан" Настай хүмүүс далий ягаанд сууж, ядаргаагаа гаргана гэж их ярьдагдаа. Хавар цагт ядарсан, настай хүмүүс далий ягаанд суух нь их үр дүнтэй шүү дээ... гэж ярьж байсан нь санаанд оров.
Манайд зэрлэгээрээ мэр сэр ургадаг бололтой юм билээ.
Ноднин намар Хамарын хийдээр явж байхдаа "Ёлхойн хавцал"-д сакүрагийн мод байсаныг харсан. /Тайлбарж байсан хүн нь сакүра гэж хэлж байсан/
Эмчилгээнд нэн чухал энэ ховор модыг хайрлан хамгаалах талаар юу хийдэг юм бол оо? Тэр талаар сонссон, мэдсэн юм байна уу?

Wednesday, May 21, 2008

Тасалгааны цэцэг

Тасалгаанд цэцэг цэцэглэхээр юу ч гэмээр юм бэ дээ таатай сайхан санагддаг юм... Энэ цэцгийн нэрийг мэдэхгүй л дээ. Хүний конторт ажлаар очоод сэмхэн зургийг нь авчихсан. Чикадаад гэх үү дээ. ккк









Энэ бол хятад сарнай. Нэг цэцэглэхдээ томоо гоё цэцэг гаргах боловч, нас нь даан ч богинохон. Ердөө нэг хоноод л хорчийгоод хатчихдаг. Хэтэрхий гоё юмны нас богино бололтой. Хятад сарнайг хүүхдийн хичээл давтдаг өрөөнд байлгавал анхаарлыг нь сайн төвлөрүүлэх увидастай гэж сонсоод гэртээ тарьсан юм. Харин их гоё цэцэгтэйг нь анх мэдээгүй л дээ.

Friday, May 16, 2008

Хааны ордон музей буюу Хятадад аялсан түүх-2

Хаалттай хот буюу эртний ордон нь гадаад, дотоод, хааны, хаалттай гэсэн 4 хэсэгт хуваагддаг юм байна. Хэрэм ойролцоогоор 10 метр орчим бөгөөд дээгүүр нь хоёр морин тэрэг элбэг зөрөх зайтай байжээ. Гадуур хэрэм одоо бараг үлдээгүй бөгөөд газарт оруулж шинэ байшин барилга орчин үеийн хотыг байгуулсан гэж тайлбарлагч хэлж байв. Энэ хэрэм хотыг анх Мин улсын үеэс тодруулбал Мин улсын 2-р хаан болох Жюүдэ хаан эхлүүлэн 17 жил зарцуулан 2 сая гар урчууд оролцон барьжээ. Хэрэмний гадуур энгийн ардууд, харин хэрэмний дотор талд хааны түшмэд, албаны цол хэргэмтэнгүүд амьдардаг байв. Хэрэмний хамгийн гадна талд хот хамгаалах голыг суваг татан хийсэн байжээ. Энэ нь тус ордон нь модоор баригдсан тул галын аюул мөн дайлаар ирэгчдийг шууд нэвтрүүлэхээс хамгаалсан харваас илт. Хот хамгаалах голын өргөн нь 57 м, гүн нь 4 метр, 4-5 км урттай гэнэ. Хотхоны дөрвөн өнцөгт өвөрмөц сонин хэлбэртэй дөрвөн цамхаг бий. Хятадын хаан бүх уран барилгачдыг дуудан ирүүлж маш өвөрмөц хэлбэрийн цамхаг барихыг тушааж эс чадваас цаазлан шийтгэнэ гэж заналхийлжээ. Уран барилгачид ямар хэлбэрийн цамхаг хийхээ мэдэхгvй толгойгоо гашилгаж байхдаа, сараалжин торонд суулгасан голио санамсаргvй харж тvvнээс санаа авч энэ цамхагийг барьсан гэдэг домог байдаг. Хаалттай хотхонд ороход их сонин.
Ингээд цааш гадаад хотхоныг дотоод хотхонтой холбосон цяньмин хаалгаар орж дараа нь одоо байхгүй болсон дациньмин хаалгаар дамжина. Цаашлан Тяньаньминий талбай хvрэх сvрлэг хаалгаар гарч Хааны хотхонд очно. Товчоор хэлбэл Тэнгэрийн хүү болох Хааны ордон хvртэл дэс дараалан элдэв саад даван туулж хүрч байгаа сэтгэгдэл төрөхөөр зохиомжтой байгуулсан байна. Мин улсын үед байгуулсан энэ хэрэм нь 1,9 км кв хэмжээтэй гэнэ. Тяньаньмэний талбайгаас хойш, Мин угсааны хаадын үед талбайг тойруулж хэрэм барьсан ажээ. Тус улсын засаг захиргааны тєв болох тэр хэрэм дотор цэргийн, сангийн болон ёслолын яамд байрладаг байжээ.
Луу болон мэлхий, тогруу зэрэг сүр хүч, түмэн наслахын бэлэгдэл болгосон эдгээр амьтдыг чулуунд сийлбэрлэн байрлуулжээ. Эдгээрийг хийсэн том чулуу зэргийг Чинтаугаас мориор тээвэрлэн авчирдаг байсан ба тэр морьдыг өвөр монголоос авчирдаг байжээ. /Хөтөч маань ингэж тайлбарласан ч гэлээ морьд Монголынх байсан гэдэгтэй маргах хүн байхгүй биз/ Өвлийн улиралд түүхий эд болох мод, чулууг авчирахдаа голын мөсийг хөлдөөн гулгуулж авчирсан гэнэ.
Ордонг барьсан туйпууг "алтан туйпуу" гэдэг ба тэр нь алтаар хийсэн бус алттай дүйцэхгүйц үнэ цэнэтэй гэдэг нь түүний технологийн нууцыг өнөөг хүртэл тайлж чадаагүй оршино. Алтан туйпууны орцонд өндөгний шар, будааны шүүс зэргийг хийдэг байсан гэнэ.
Хаалттай хотхонд хааны цэцэрлэгт хүрээлэн оршино. Хаадууд амьдарч байхад энд олон, олон амьтад тэжээдэг байжээ. Энэ цэцэрлэгийг хүний бие, сэтгэлийг зэрэг амруулж баясгахад зориулжээ. Хятадын зураач, цэцэрлэгчид "хиймэл байгаль" бүтээж чаддаг байсан нь бишэрмээр. Тухайлбал хvний санаанд оромгvй хэлбэртэй олон тооны мод, бут, хулсан төгөл, мөн чулуугаар хийсэн уул нь үнэхээр гайхмаар. Энэ цэцэрлэгт байгаа хамгийн залуу мод нь 200 настай ажээ. Янз бүрийн хэлбэртэй төрөл бүрийн өнгийн чулуугаар туурвисан шигтгэмэл, шувуу, амьтдын дүрс, хятадын уламжлалт дуурийн үзэгдлүүд гээд нийтдээ есөн зуу гаруй зохиомж харсан хүн болгоны нүдийг баясна.
Нэг удаа үзээд бүрэн дүүрэн ойлгох боломжгүй нь илт юм билээ. Харин Бээжинд очих бүртээ үзэх ч юм уу эсвэл, сайн уншиж судалбал хаалттай ордонг ойлгоход дөхөмтэй юм шиг санагдаж байсан.
Сэцэн ахын ярьснаар бол "Сүүлчийн эзэн хаан" киноны зураг авалт Хаалттай хотод хийгдсэн гэнэ.
Мин улс гэдэг нь 14-р зууны сүүлчээс 17-р зууныг хамардаг бол 14-р зуунд Юань улс тогтож харин 17-р зуунаас 19-р зуун хүртэл Чин улс нэртэй байсан гэж тоймлоё. Мин улсын үеэс эхлэн барьсан энэ ордонд 28 хаан амьдарч байсан хэмээн танилцуулав.
/Бээжинд буугаад шууд эзэн хааны ордон музейг үзсэн болохоор аялалынхан маань камерын тэжээлийн гажигдалд орж, хүссэн хэмжээгээрээ зураг авч чадаагүй юм шүү/

Wednesday, May 14, 2008

Хятадад аялсан түүх-1

Компаниас бидний хэдэн нөхдийг Бээжинд аялалаар явуулна гэж анх сонсоод их баяртай байсан ч явуулна гэсэн хугацаа нь өөрчлөгдөөд байсан болохоор "за яг явах болоод вагонд суухаараа л блогтоо бичихгүй бол худалч болж мэдэх нь" гэж бодоод явах тухайгаа бичээгүй билээ.
5 сарын 8 өдрийн өглөө Улаанбаатараас Бээжингийн чиглэлийн галт тэрэгэнд сууж олон жил хамт ажилласан зарим нөхдийн хамт холын замд гарах нь тэр... Манай баг 9 гишүүнтэй ба түүний нэг нь Хөх хотын өвөр Монгол хүн бидний аялалын группын ахлагч хийв.Сэцэн ах байхгүй бол бидэнд аялал хийх түвэгтэй байх байсан нь удалгүй ойлгомжтой болсон юм. Бидний бүх аялалыг зохион байгуулж, үзэх үзвэр, хоноглох буудал, явах унааг бүгдийг нь зохион байгуулж өглөө. Оройдоо Замын-Үүд боомтоор гарч БНХАУ-н Эрээн боомт дээр галт тэрэгний дугуй солихыг харж баясав. Орос болон Монголын төмөр зам өргөн замтай байдаг тул Монгол, Оросын хил нэвтрэх боомтод галт тэрэгнүүд дугуйгаа сольдог.Суудлын галт тэргийг бүхлээр өргөн явах замаа сольдог тул бага биш хугацаа ордог юм байна. Цааш аялал үргэлжилж өглөө босоход эхлээд тосгоны ногоон талбай харагдаж байгаад Бээжин дөхөж ирэхэд алдарт Жанчхүүгийн даваагаар галт тэрэгний зүтгүүр давлаа. Өндөр сүрлэг, байц хадтай энэ уулан дахь автозам болон төмөр зам, тунелийн бүтээн байгуулалт сүрхий хийгдсэн байв. Автозам болон төмөр замын байгууламжийг миний бие бага сага гадарлах тул анхаарлыг маань энэ давааны бүтээн байгуулалт өөрийн эрхгүй татаж байлаа.
Өдөр 2 цаг 05 минутанд Бээжинд буухад Хятад дахь жуулчны компаний хөтөч орчуулагч, автобусаар тослоо. Буудлаасаа шууд бид хааны ордон музейг үзлээ. Энэ ордон музей их таалагдсан тул дараа нэг бичлэгт тодорхой оруулъя.
Орой нь дэлгүүр хэсэв. Ингээд эхний өдөр дууслаа.
Маргааш өглөө нь өнөөх Хятад хөтөч маань ирж, Цагаан хэрэм дагуулж явлаа. Цагаан хэрэм Бээжингээс 80 километрийн зайтай юм байна. Өнөөх хөтөч залуугийн өглөөний мэндчилгээ чихийг минь дэлдийлгэв. "Өчигдөрөөс эхлэн манай Бээжин хотын бүтээн байгуулалтанд оролцож байгаа та бүхэнд их баярлалаа" гээд л...Хичнээн Япон компаний мөнгө ч гэлээ бид нараар дамжин Хятадад орж, бүтээн байгуулалт болчихлоо гэхээр хармын сэтгэл төрөх ч шиг... Нээрээ Хятадад орж байгаа болохоор жирийн иргэд нь ч гэсэн баярладаг бололтой. За тэгээд автобусанд суугаад явтал, хөтөч маань хаш чулууны тухай баахан танилцуулга хийв. Байнга зүүвэл цусны эргэлтэнд сайн майн гээд л... Бид хэд хоорондоо за энэ нөхөр ч хаш чулуу бидэнд шахах нь дээ гээд л маазраад явж байтал, юу юугүй л хаш чулууны дэлгүүр оруулах болов оо.Хаш чулуугаар гоёл чимэглэл урлаж буй урчууд дэлгүүр дотроо байв.

"Яагаад? заавал орох ёстой юм бэ " гээд асуусан чинь Сэцэн ах тайлбар хийж өглөө. Жуулчдын компаний захиалга нь улс орон орноор нь болон мэргэжил, насаар нь ангилан хүлээн авч ангилал зэрэгт нь тохирсон үйлчилгээг явуулдаг. Монголоос жуулчид бараг байдаггүй тул, монгол хэлний орчуулагч, хөтөч гэж байхгүй, мөн Монголчуудад зориулсан аялалын хөтөлбөр байхгүй юм гэнээ.

Тэгсэн чинь нөгөө хөтөч Хятад залуу та нар хаш чулууны дэлгүүрт аль болох Монголоор битгий яриарай, болбол Японоор ярьвал сайн байна гээд л... Юу гэсэн үг вэ? гээд би мэт нь хальт бачуураад авлаа. Гэтэл Монголчуудын аялалын хөтөлбөр гэж байхгүй болохоор Япон компаниас захилга өгсөн болохоор Япон жуулчингаар захиалга орчихсон, тэгээд дэлгүүр болон жуулчны компани хоорондын тооцоо нь бас худалдан авах чадвартай нь холбоотойгоор тухайн жуулчин бараа худалдаж аваагүй байсан ч тухайн улсын зэрэглэлээр нь сар, улирлын эцэст тооцоогоо хийдэг юм байна. Энэ ч бас бодмоор асуудал санагдсан. За тэгээд яахав дээ "ок" гээд Япон жуулчин болоод дэлгүүр лүү яваад орчих нь тэр...
Тэр дэлгүүрт Япон хэлтэй худалдагч нар үйлчилдэг юм билээ. Япон хэлний аялга энэ тэр нь цэвэр биш ч гэлээ боломжийн... Сэцэн ах юм худалдаж авах гэсний хэрэггүй шүү гэж захьсан болохоор авъя ч гэсэнгүй, 25 минут дэлгүүр хэсэв.
Замд бас Олимп болох газруудын зургийг хурдны зам дээрээс шууд зургийг нь буулгаж авлаа.
Олимп болох цэнгэлдэх хүрээлэнгүүд болон тамирчдын байр, сэтгүүлчдийн байрлах байр зэргийн зурагнуудОлон улсын сэтгүүлчид байрлах байр, буудал


Боксын тэмцээн явагдах цэнгэлдэх хүрээлэн


Тамирчдын байрлах байр /Олимп дуусахаар иргэдэд зарах юм гэсэн/
Тэгээд хойд талын сүрлэг өндөр хадтай "Тайханшян" уулруу дөхөн дөхсөөр алдарт цагаан хэрэм дээр ирлээ.
Цагаан хэрмийг энд тайлбарлах нь илүүц биздээ. Энэ гунан бууг хэрмийг сэтлэх зорилгоор Монголчууд хийсэн нь өнөөг хүртэл хадгалагдаж байна.
Богино аялал болсон юм шиг санагдсан ч яг бичээд оруулахаар юм үлдээд байгаа тул дахин бичлэг оруулъя гэж бодогдож байнаа.

Friday, May 2, 2008

Хурын ус


Өчигдөрхөн шороон шуургатай байсан чинь өглөө сэрэхэд хот цав цагаан өмсгөлөө өмсөж, сэтгэл цэлмүүлэв.
Чийг үнэртээд сайхан байлаа. Цас хайлахаас өмнө зураг авна гэж бодож байсан чинь, ажилдаа болоод мартчихаж. Санамагцаа авсан зураг.

...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...