Thursday, March 27, 2008

Дахиад нэг барилга байгууламж танилцуулъя

Япон улсын засгийн газрын буцалтгүй тусламжаар "Зүүн дөрвөн зам" "Баруун дөрвөн зам" "Гэсэр сүмийн уулзвар" болон хуучнаар " Тээвэрчдийн гудамж"-н 8,4 км замын барилгын ажлыг 2003 онд "Улаанбаатар хотын авто замыг сайжруулах" төслөөр барьж дуусгасан юм. Уг авто зам болон уулзварууд нь борооны ус зайлуулах байгууламжтай бөгөөд мөн гудамжны гэрэлтүүлэг, замын хөдөлгөөн зохицуулах гэрэл дохиог шинэчлэн угсарсан. Гэсэр сүмийн уулзварын авто замын барилгын ажил дуусах үе шатын зураг
Хуучнаар Тээвэрчдийн гудамж, одоогийн "Нарны зам" гудамжийн баруун талыг Энхтайвны гүүрэн дээрээс авсан зураг.
Хүний гараар бүтээсэн, (хөрөнгө нь хаанаас гарсан нь хамаагүй) альваа нэг байгууламжийг зөв зохистой, зориулалтаар нь хэрэглэж сурцгаая.
Жич: Энэ зургуудыг би өөрөө авч байгаагүй, ажлын тайланд ашиглаж байсан гэрэл зураг.

Friday, March 21, 2008

Бахардаж унах шахав

Дүү охин маань утсаар ярив. Охиныг маань тэр өдөр сургуулиас нь авах ёстой байсан юм. “Авах гээд очсон чинь сургууль дээрээ байгүй байна. Ангийнх нь хүүхэдтэй тааралдаад асуусан чинь гадаа тоглож байгаа гэхээр нь хайлаа олдсонгүй, гэртээ иртэл ирээгүй байна” гэдгийн байна.

Ээж гуай түгшүүрийн дуудлага хүлээж аваад яаран санадран ажлынхаа машиныг дайчлан сургуулийнх нь ойролцоо очиж хайваа.

Дотроо их олон юм бодлоо. Утас аваад өгчихдөг байж... хаана хөлдчих гээд юу хийж байгаа бол гээд л... уймраад л... Сургуулийнх хаалгаар орж явтал ашгүй ангийнх нь багш нь ярьж байна. ... Байна уу? /Миний охины нэрийг хэлээд / Сургууль дээрээ байна. Өнөөдөр ажил ихтэй байна уу? Хэзээ авах вэ? гэвээ. Үгүй мөн холион хутгадаг хүхэд шүү гэж бодсоор сургуульруу нь орлоо. Орсон чинь манай охин багштайгаа зогсож байх юм.

Би: ...аниа чинь чамайг авах гээд ирсэн чинь чи олдохгүй байсан гэж байна ш дээ гэтэл “Би сургууль дээрээ л байсан” гэх юм. Дотроо дүүдээ уур хүрч, бүтэлгүй юм, олигтойхон үзэхгүй гэсэн шүү юм бодоод хоёулаа сургуулиас гарлаа. Машинруу явж байтал охин маань хар хурдаараа гүйгээд явчихав. Би сандраад араас нь нэрээр нь дуудан дуудан гүйлээ. Өндөр өсгийтэй гуталтай халтирчих гээд болдоггүй ээ. Бас хүйтэн салхинд охиныхоо нэрээр бахирч байгаа болохоор ....Зөрсөн хүмүүс гайхсан биз.

Намайг араас нь дуудаад байсан болохоор нэг юм зогслоо. Гүйцэж очоод “яасан?” гэсэн чинь “Ээжээ та миний цүнхэнд биеийн тамирын ууттай хувцас байна уу? үзээд өг” гэдгийн. Охионыхоо үүрсэн томоо цүнхийг нь мөрнөөс нь буулгалгүй онгойлгож үзтэл хувцас нь алга байлаа. Байхгүй байна ш дээ гэтэл юм хэлэхийн зав өгөлгүй бас л гүйчихлээ. Араас нь би охиноо хөөж, манай ажлын ах машинаараа бид хоёрыг хөөж, бөөн гурвалжин дөрвөлжин хөөлтүүд болдог байна ш дээ. 7 настай хүүхэд гэхэд ямар хурдан гүйдэг юм бэ?

Охин маань гүйж гүйж сургуулийнхаа котокын тэнд очоод зогсчихов. Зогссон газрыг нь хартал ууттай хувцас нь дүрээрээ байгаа нь танигдлаа. Ёстой нөгөө биеийн тамирын дасгалыг чинь санаандгүй хийдэг байна ш дээ. Бахардаж унах шахав.

Тэгээд нэг муу юм машиндаа суулгаж аваад, гэрлүүгээ явах замдаа ээжийн ээлжит байцаалт эхэлж “Яагаад худлаа хэлэв, чи сургууль дотроо биш, гадаа гараад биеийн тамирынхаа хувцасыг хаячихсан байна ш дээ” гэтэл “Сургууль чинь том ш дээ. Гулгуурын коток ч гэсэн манай сургууль болохоор...” гэдгийн. Багшийнхаа дэргэд болохоор “сургууль дээрээ байсан" гээд байсан нөхөр чинь...

Харин одоо утас авч өгөх үү яах вэ? гэж бодоод л... Анги дээрээ хичээлээ хийхгүй оролдоод байх болов уу? Бас багш нь том хүүхдүүд янз бүрээр хүүхдийн утсыг хуураад авчихдаг юм. Утас битгий авч өгөөрэй гээд байсан нь санаанд орооод л...Дээрэм хийдэг хүнд гарын нөхдүүд ч байдаг болохоор гайхаад л байж байна...

Thursday, March 20, 2008

"Гол мөрийн хууль"ийн цөм хэсгээс

Төрөө түвшин байлгая гэвэл, өрх гэрээ түвшин болго
Өрх гэрээ түвшин болгоё гэвэл, хүнээ түвшин болго
Хүнээ түвшин болгоё гэвэл, зүрх сэтгэлийг нь ариун байлга
Зүрх сэтгэлийг нь ариун байлгая гэвэл, сэтгэлийг нь
үнэнч шударга болго...
"Гол мөрийн хууль"-д ийнхүү өгүүлсэн байдаг гэнэ.

Monday, March 17, 2008

Шинэ сургууль нээгдлээ

Сонгино хайрхан дүүргийн 1-р хороо, Орбитын эцэст, 3 сарын 13-нд 106-р сургуулийн нээлтийн ёслолын ажиллагаа болов.
Сургуулийн барилга, гадна талаасаа. Өөрийгөө халаах халаалтын тогоо, цэвэр бохирын асуудлыг шийдсэн барилга. Орбитын эцэст, гэр хороолол дунд Халаалтын тогооны хувьд харьцангуй боловсронгуй, утааны бохирдлоос хамгаалах шүүртэй, хүчин чадал бүрэн хүрэлцээтэй.

Нэг ээлжиндээ 720 хүүхэд хүлээж авах боломжтой. Өнгө будаг, тоноглол хүүхдийн эрүүл ахуйд тохирсон4 давхар барилга, бөгөөд коридорт аюулгүйн гарц дохиолол бүрэн тоноглогдсон.

Нээлтийн ажиллагаанд Монгол улсын ерөнхий сайд С. Баяр оролцлоо.

Япон улсаас Монгол суугаа бүрэн эрхт элчин сайд ноён Ичихаши Ясүёши болон БСШУЯ-ны сайд Н. Болормаа нар нээлтийн ажиллагааны үеэр.

Тууз хайчлах ёслолын ажиллагаанд албаны хүмүүс оролцлооШинэ сургуулийн анхны галыг асаалаа.
Гэр хороололд ялангуяа сүүлийн жилүүдийн хотруу шилжин ирэгсдийн хүүхдүүдийн сургуулийн асуудлыг бага ч гэсэн шийдэх зорилгоор Япон улсын засгийн газрын буцалтгүй тусламжаар 2008 онд 1 шинэ сургууль, 4 өргөтгөл сургууль ашиглалтанд оруулж байгаагийн нэг нь энэ сургууль юм.

Saturday, March 15, 2008

Та өөрөөсөө эхлэ

"АЛТАН МААНИ-ЧАНАДМАНЬ ЭРДЭНЭ" уламжлалт диян бясалгалын холбооноос зохион байгуулсан "Төгс гэгээрэлд дөтлөхүй" цуврал лекцийн эхний дугаар 2008 оны 03 сарын 15 өдрийн 12 цагаас Баянгол зочид буудалд боллоо. Тус лекцийг ажлынхаа газрын 2 хүний хамт очиж сонсов. Лекцэнд Мянган мэлмийт Аръяабал бурханг залсан байв.
(Бурхан гэдэг бол бүхэнд түгсэн хязгааргүй их оюун ухаан)
Лекцийг олон улсын Хеллер, номын багш Жанлав Цогзоолмаа (Хүний их эмч Д. Цэвээнсүрэн) илтгэлээ.
Тус лекцийн агуулгыг урд нь би бичлэгтээ оруулсан болохоор энэ удаад лекцэнд тарааж өгсөн матриалаас оруулъя.
...Хөгжөөл маани нь хүн болоод байгалийн бүх ахуйд хувирган өөрчилж, оюун санааны чөлөөллийг тээгч сансар байгалийн дээд эрчим хүч юм. Маани бясалгалаар дамжуулан цөвүүн цагийн үйл түйтгэрт нэрвэгдэн олон түмний мунхаг уур шуналаас ангижруулж, тэдэнд сэтгэлийн сайжралыг олгосноор билэг ухаан асран хайрлах,
сэтгэлийг дадуулан хөгжүүлэх явдал юм. Маани тарнийг үйлдсэн буянаар хүмүүс маш элгэмсэг сайхан, нигүүсэнгүй сэтгэлтэй болдог. Энэ нь эрт эдүүгээгийн эрдэмтэн мэргэдийн сургаал шасдар, тэдний үнэхүү итгэлт шавь нарын хичээл сургалтын үр дүнгээр баталгаажин, ирсэн болой.
Онцгой дагшин оронд маани бүтээж төвлөрч бясалгах нь тэднээс тархсан тарнийн эрчим хүч нэгдмэл эрчим хүчний талбай Си энергийг үүсгэн, орчлонг үүсгэн бүтээлч Си энергитэй нэгдэн орчлон даяар цацарч эргээд орчлонгийн эд эс бүхэнд хурж буухдаа хамаг амьтныг аврах, амар амгаланд барилдуулах увидастай.
Маанийн бүтээл бясалгах бол нүгэл хилэнцийг машид арилган, буяныг ихэд хураан төгс гэгээрлийн хутгийг олж, олон амьтныг сэтгэшгүй их зовлонгийн далайгаас авран гэтэлгэж, гэгээрлийн хутагт үтэр хөтөлж, хамгийн түргэн бөгөөд амар хялбар арга зам юм...
Лекц 80 хүний суудалтай танхимд нэг удаа хийхээр төлөвлөж байсан боловч, олон хүн цуглах төлөвтэй байсан тул хоёр удаа хийхээр болсон.
Эхний лекц мөртлөө заал пиг дүүрч, зарим хүмүүс хана даган зогсож байсныг үзвэл энэ талын мэдээлэл үнэхээр хомс байгаа нь мэдрэгдэж байлаа.
Лекцийг "Маанийн зургаан үсэг" хөгжөөл мааниар эхлэж, "Дэлгэр маани буюу цагаан утай маани"-р төгсгөж байсан.
Цаашид би "номын багшийн сургаал" ангиллыг нээж та бүхэнд сонирхолтой мэдээлэл хүргэх талаар хичээнээ.

Хөгжөөл маанийг уншихад өөрт шууд мэдрэгддэг ба сэтгэл санаа тайвширан ариусаж буй сэтгэдэл төрдөг билээ.
Манай ажлын газрын эгч (надад "Хүн мичнээс үүсээгүй" номын бэлэглэсэн) адис хүртэж байгаа нь

Ум сайн амгалан орших болтугай. Хурай, хурай, хурай

Tuesday, March 11, 2008

Лекцэнд урьж байна

Олон улсын хеллерүүдийн холбооны гишүүн номын багш Жанлав Цогзолмаагийн "Төгс гэгээрэлд дөтөлхүй" цуврал лекцийн эхний дугаар 2008 оны 3 сарын 15-ны өдөр, Баянгол зочид буудлын офисын "А" зааланд 12, 14 цагуудаас тус тус болох тул сонирхсон хүмүүс өргөнөөр оролцоно уу.
Лекцийн агуулга:
1. Рид хувилгаан язгуур удам ба бурхан шашины уламжлалаа дээдлэхийн учир
2. Уламжлалт маани бясалгалын аргаар бие хэл сэтгэл, гал голомт, үе удам, үйлийн үрийг гэтэлж гэгээрэх
3. Орчлон ертөнцийг өөр дээрээ таниж, гол мөрөө олоод гайхамшигийг бүтээх нь
4. Цөвүүн цагийг гэтэлгэн давах, Хутагт хувилгаадын айлдварууд
5. Уламжлалт идээ ундааны ёс зүй. Сэтгэлийн ба биеийн дархлаа
6. Хүсэл тачаал, шуналыг урвуулахуй гэдэг талаар та бүхэнд ойлголтуудыг олгоно.
Хеллер гэдэг нь хүний гэрэлэн биеийн мэдээллийг уншиж, муу үйлийн үрээс үүдэлтэй гажилтыг тарнийн аргаар засдаг хүнийг хэлдэг юм билээ.
Та бүхэн тус лекцэнд оролцсоноор, яаж ариун сайхан бие хэл сэтгэлтэй, ариун сайхан гал голомттой, ариун сайхан үр удамтай байж Монгол орноо, цаашилбал дэлхий ертөнцийг хөгжүүлэхэд өөрийн өчүүхэн биеийн дотоод энергээ хэрхэн зөв зохистой зориулах талаар илүү тодорхой ойлголттой болно гэдэгт итгэнэм.
Та бүхэн өргөнөөр оролцоно уу.
Жич: Үнэ төлбөргүй.

Friday, March 7, 2008

Хэрэгжих боломжтой хөтөлбөр мөн үү?

Засгийн газраас 40,000 айлын орон сууц барих хөтөлбөр гаргаад хэдэн жил болж байгааг хүн бүхэн мэднэ.
Энэ олон орон сууцны ихэнх нь Улаанбаатарт баригдах юм гэсэн. Сайхан мэдээ боловч энэ нь бодит биелэлээ олох үлгэр мөн үү? гэдэгт асуудал байгаа юм шиг санагдлаа.
Одоогийн манай мөрдөж байгаа /мөрдөнө гэж гаргасан бичигт/ журам заалтанд барилга барих гэж байгаа бол цэвэр, бохир ус, цахилгаан тэжээлийн холболт, халаалт болон ахуйн хэрэгцээний халуун усны холболтыг төлөвлөн хийхдээ тухайн инженерийн шугам сүлжээний төв байгууллагаас "Техникийн нөхцөл" -ийг гаруулан авч, түүний дагуу зураг төслийг гүйцэтгэн холбогдох газруудаас зөвшөөрөл /монголоор виз гэдэг/ авч хянуулдаг. Энэ бүхнийг ингээд үгээр илэрхийлэхэд хялбар боловч бодит амьдрал дээр бол ихээхэн саад бэрхшээлийг туулна.
Одоогийн ашиглаж байгаа шугам сүлжээнүүд нилээд хуучирсан бас хүчин чадал бага тул тэр 40,000 айлын орон сууцны хөтөлбөр хэрэгжих хэр магадлалтай байдаг юм болдоо?
Гэтэл өнөөдрийн бодит амьдрал дээр 4 давхар 4500 м3 орчим багтаамжтай барилгын халаалтыг холбуулахад ямар их хүндрэл учирч байгааг өөрийн биеэр мэдэрлээ. Бүх зүйл нь хууль, дүрмийн дагуу Техникийн нөхцөлд заагдсан цэгээс холболтоо авч байгаа ч халаалт хүссэн температурт ирэхгүй зовоох юм.
40,000 айл орон сууцтай болгох хөтөлбөр гаргаж байхын оронд цэвэр, бохир усны холболт, цахилгаан, халаалтыг холбох эх үүсвэр болох станцыг төлөвлөх зайлшгүй шаардлагатай гэж бодов.
Бас төв бохирын систем гэж хоцрогдож орхисон нэг хэцүү юм бий. Бохир нийлүүлж, цэвэрлэх төхөөрөмж нь хүчин чадал нь хүрэхгүй, тоног төхөөрөмж нь хуучираад байхад дээр нь шинэ шинэ барилга бариад л...
Ингээд бодохоор ус, дулаан, цахилгаан хангамж нь бүрдэхгүй бол 40,000 айлын орон сууцны барилга гэж мянга яриад яах билээ.
Харин өнгөрсөн жил Найрамдал зуслангийн урдуур, Налайх явах замын дагуу төвийн дулааны шугам татах ажил эхэлсэн билээ. 40,000 айлын барилгыг дагаад бусад нийтийн үйлчилгээ /сургууль, эмнэлэг, үйлчилгээний төв/ энэ бүхнийг оруулахаар хүчин чадлын асуудал хүндрэлтэй санагддаг юм.
Зорилт болгоод ажиллаж байгаа болохоор саад бэрхшээлүүд хамт шийдэгдээд явж байгаа биз гэж боддог байтал 4500 м3 хэмжээтэй барилгыг хүлээлгэн өгөхөд дулаан техникийн бүх шаардлагыг биелүүлсэн байтал хамгийн сүүлд дулаан өгөх газраас "...техникийн хүчин чадал хүрэхгүй тул холбох боломжгүй" гэсэн албан бичиг хүлээж аваад, арай л ... цааш нь бичихээс дургүй хүрмээр... Сүүлийн үед миний завгүй гэж хашхирах болсон шалтгаан маань ердөө л энэ.
Ганцаараа ажил хийгээгүй юм болохоор дээш доош нь өдтэй бичгийг илгээж, албан тушаалтны хаалгыг сахисны хүчинд халаалтын холболтоо хийлгэв. Гэвч халахгүй бол яанадаа гэсэн бодол толгойд эргэлдсээр. Халаалт өгсөн газар нь энэ зун өргөтгөл хийх юм гэсэн. Уг нь ноднин хийх ёстой байсан ажлыг хийгээгүйн улмаас хүндрэл үүссэн юм билээ.
Завгүй байснаа цөөн үгээр илэрхийлье гэж бодож байсан чинь хаа хамаагүй засгийн газрын хөтөлбөрөөс эхлээд бурчихсан байх юмаа. Уучилаарай.
Анхаарал тавьсан та бүхэнд их баярлалаа.

Баярын мэнд хүргэе!


Блог найз нартаа, олон улсын эмэгтэйчүүдийн мартын наймны баярын мэнд хүргэж, аз жаргал дүүрэн, амар түвшин байхын ерөөлийг өргөн баръя.

Saturday, March 1, 2008

Хотын дулаан хангамжийн ирээдүй

Японы санхүүгийн жил 3 сард дуусахтай холбоотойгоор манай ажил цагаан сарын дараа ихэсдэг юм л даа. Ачаалал ихсээд ажлаа дийлэхгүй нь үү дээ гэж ч бодов. Ямар ч байсан 3 сарын дундуур гэхэд овоороод байгаа ажлаа дуусгана гэж төлөвлөөд байгаа. Гадуур хөөцөлдөх ажилтай байхдаа бас ч хоосонгүй ээ. Блог найз нартаа хуучилах ярианы сэдэв бодож л явлаа.

Улаанбаатар Дулааны Сүлжээ Хувьцаат Компани дээр ажлаар очлоо. Хэрэглэгчийг хүлээн авах цэгт нь орвол өөдөөс нэгэн самбар угтаж байна. Урьд нь тэр самбар байхгүй байсан юм л даа.

Сүүлийн үед хүний амнаас сонсож, сонингоос уншиж байсан зүйлийг бодит амьдрал дээр хэрэгжүүлэх гээд зорилгоо болгон ажиллаж байгаа дулааны инженер техникийн ажилтан болон бусад албан хаагчдад баярлав. За үг олдож үхэр холдох нь.

Самбар дээрх үгсийг сийрүүлбэл:

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн хэтийн төлөв

2010-2015 онд Найрамдал зуслангийн орчимд 50.0 Гкал/цаг дулааныг холбож хангах гэсэн байв. Найрамдал зуслангийн наад тал одоогоор ямар ч бүтээн байгуулалт хийгдээгүй байгаа бөгөөд өнгөрсөн хавраас эхлэн дулаан болон инженерийн шугам хоолойг татаж байхыг харсан болохоор за ямар ч байсан төлөвлөгдөж байгаа юм байна гэж бодов.

2015-2020 онд 22-н товчоо орчимд 60.0Гкал/цаг дулааныг, 2010-2015 онд Нисэх Яармаг орчимд 80.0 Гкал/цаг дулааныг, 2008-2010 онд Стадион орчимд 60.0 Гкал/цаг дулааны хэрэглээг холбоно гэж бичжээ. Сайхан л санагдав. Өдрөөс өдөрт дулааны хэрэглээ нэмэгдэж байгаа манай хотод энэ ч бага санагдаж байтал уг самбарын хамгийн доор “Өсөн нэмэгдэж байгаа дулааны хэрэглээг хангахын тулд 2020 оны түвшинд дулааны 5 дахь эх үүсвэрийг ашиглалтанд оруулна” гэсэн байв. Гэхдээ 2020 гэдэг маань хол санагдаж байлаа.

Хэд хоногийн өмнө хотын тамгийн газар ажлаар очтол миний уулзах албан хаагч эгч “Дулааны 5-р цахилгаан станцын газрын асуудлаар хуралд явах гээд байна дараа бол” гэж буцаагдсанаа санав. Ямар ч байсан 5-р цахилгаан станцын ажил бодит ажил болж байгаа юм байна.

Одоогийн байгаа хэрэглээнээс 2020 он гэхэд хэрэглээ 30 хувь өсөх нь ээ.

Дулааны 5 дахь эх үүсвэрийн хувьд хотоос баруун захад 22-н товчоо орчим гэсэн нэг санал эсвэл Баянзүрхийн товчоо орчмын хотын зүүн талд гэсэн хэд хэдэн хувилбар байгаа гэнэ лээ. Бушуухан хувилбараа шийдээд ажлаа эхлээсэй дээ. Зөндөө л гадна дотны хүмүүсээр алтаа ухууллаа. Ганц станц барих хөрөнгө далд хийсэн болов уу? Энэ засгийн газар гэж бодоод Заяа гацав. Гэхдээ УБДС ХК-ны ханан дээр биччихсэн байгаа юм чинь хөрөнгө нь давхар шийдэгдээд л явж байгаа байлгүй дээ.

Бидний хүсэл биелэж, удахгүй 5 дахь дулааны эх үүсвэр ашиглалтанд орох болтугай.

...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...