Saturday, December 29, 2007

Та бүхэнд шинэ оны мэнд хүргэе!

Манайхаар зочилсон та бүхэнд их баярлалаа.

Ширхэглэн будрах цагаан цастай
Чимэглэн гоёсон ногоон гацууртай
Ширээ тойрсон хайртай хүмүүстэйгээ

Шинэ оноо сайхан угтаарай!

Дараа жил дахин дахин уулзахын ерөөлийг дэвшүүлье!

Thursday, December 27, 2007

Christmas тойрсон өдрүүдийн үйл явдал

24-ний орой манай дүүгийнх гэртээ хоёр том оймс өлгөчихсөн байх юм. Хүүхдүүд нь шөнө Санта өвгөн ирж сайн байсан хүүхэдэд бэлэг өгдөг гэж ярив.Дүүгээсээ асуутал, уг нь пийшингээсээ өлгөдөг гэсэн. Манайх шүүгээнээсээ өлгөчихсөн юмаа гэв. "Сайн байсан хүүхдийг Санта Клаус таньдаг" гэж надруу нүдээ ирмэх нь...
Тэдий хоёр хүүхэд сайн байсан бололтой. Өглөө нь оймс дүүрэн бэлэгтэй болсон гэж зээ дүү минь бөөн баяр хуучлав. Нүдээ гялалзуулаад цаанаа л эгдүүтэй... Дараа жил охиндоо нэг оймс бэлдэнээ.

Харин энэ модыг охинтойгоо хамт хичээнгүйлэн гэртээ нэг орой чимлээ.
Хамт ажилдаг Японы эхнэр нь EMS-р илгээмж нөхөртөө явуулжээ. Илгээмж дотроос нь гарсан цаасан модоо эвлүүлчихээд мань хүн дотроо их баяртай байгаа шинжтэй. Ширээн дээрээ тавьчихаад л... Романтик байгаа биз... Дашрамд хэлэхэд Япончууд Christmas- г нэг их сүртэй тэмдэглэдэггүй юмаа.

Wednesday, December 26, 2007

Улаанбаатарын орчим

Энхтайван гудамж, 15-р хороолол орчим
Богд Дүнжингарав Хайрхан
Туул гол, Богд Дүнжингарав орчим Туулын бургас
Өнөөдөр хот яагаад ч минь утаа багатай сайхан байхаар нь зураг авч өөрийгөө баясгалаа.

Monday, December 24, 2007

Хэнз хурга

Өнгөрсөн 5-р сарын сүүлээр хургалсан хонь. Энэ жилийн мал тооллогын урьдчилсан дүнгээр хонь 16 сая 716,9 сая гэж тоологджээ. Энэ хэнз хурга ч гэсэн тоологдсон байлгүй дээ. Хундан цагаан хонь минь өсөх болтугай.
Дашрамд хэлэхэд мал сүрэг маань өнгөрсөн оны мөн үеийнхээс 4,8 саяар өсөн 39 сая 640 мянга болсон гэнээ. Гэтэл махны үнэ өсөөд л... Зөв тоолдог юм болов уу? Эхийг эндээс авав.

Saturday, December 22, 2007

Говь хангайн эрс тэс төрх

Шинэ жил дөхөж байгаа ч гэсэн зуны сайхан улирал санаанд байсаар байх юм. Гэхдээ өвөл, хавар, зун, намар аль аль сайхан. Бас бүс нутгаасаа хамаарч нэг улирал мөртлөө эрс өөр байдаг.

Дорноговь аймаг, Хамарын хийд орчим
Тэрэлж, Мэлхий хад
Дорноговь аймаг, Хамарын хийд орчим

Тэрэлжид
"
Хангай говийн хооронд халхын уудам нутаг
Хар бага наснаас хөндлөн гулд давхисан газар
Гөрөөс араатан авалсан урт урт шилүүд
Хүлэг морин уралдсан хөндий сайхан хоолойнууд"
Д. Нацагдорж
Хангай ч бай говь ч бай. Адилхан амьдрал буцалсаар...

Tuesday, December 18, 2007

Японы ард түмэнд баярлалаа

Өнөөдөр Монголын хүүхдийн ордонд "Японы ард түмэнд баярлалаа" сурагчдын тайлан концерт үзлээ.
Японы ард түмнээс 2000-2007 онд эхлэн нийт 36 сургуулийн өргөтгөл барилга ашиглалтанд оруулж өгсөн билээ. Ирэх 2008 онд Улаанбаатар хотын дүүргүүдэд 5 өргөтгөл сургууль ашиглалтанд өгөх ба 2009 онд мөн 3 өргөтгөл сургууль ашиглалтанд оруулахаар төлөвлөж байгаа юм.
Сурагчдын энэ тайлан концертод албаны хүмүүс оролцсон ба Япон улсаас Монгол улсад сууж байгаа элчин сайд Ё. Ичихара, НЗД-н орлогч Б. Баатарзориг болон бусад Японы байгууллагын төлөөлөгчид оролцлоо. Дээрхи концертыг "Нийслэлийн боловсролын газар" болон Хүүхдийн ордоны захиргаа зохион байгуулав.

33-р дунд сургуулийн сурагчдын бүжгээс

23-р дунд сургуулийн сурагч Өнөржаргал Япон дууг хэвлүүхэн дуулав

Ноён элчин сайд, концертын хаалтын ёслолд оролцов
Улаанбаатарт хөдөөгийн иргэд ихээр шилжин ирэх болсонтой холбоотойгоор сүүлийн үед бага, дунд боловсролын сургууль хүрэлцэхгүй болсон нь бодит үнэн билээ.
Харин тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд, Япон улсын засгийн газраас ихээхэн дэмжлэг үзүүлж байгаа нь дээрхи тоо баримтнаас харагдаж байна.
Юутай ч хүүхдүүд маань "Японы ард түмэнд баярлалаа" гэсэн тайлан концертоо өргөн барьлаа.
Миний 8-р сарын бичлэг дотор "Бид 36 сургууль бэлэгэнд хүлээн авчээ" -гэсэн бичлэгийг үзэж болно.

Saturday, December 15, 2007

Туулын урсгал шөнөдөө сайхан

Төрийн соёрхолт яруу найрагч Б. Явуухулангийн шүлэг
Ардын жүжигчин Т. Түмэндэмбэрэл

Туулын урсгал шөнөдөө сайхан сан
Торгон долгио хаялан мяралздагсан
Хоёр ангир дандаа л хөвдөг сөн
Холын анир авангаа л дуугардаг сан


Урсгалд нь умбагч сарыг ажин
Усанд нь хөвөгч оддыг тоолон
Бүүр түүрхэн тохиолдлоо дурсан
Үүр цайлгах би дуртай сан.


Шившин шивнэх залуу навчис
Шөнийн дуу над аялдагсан
Сөөг моддын нь нэгийг түшин
Шөнөжин сууж би сонсдог сон.


Дээр үед говийн эрчүүд Хүрээ рүү жин тээгээд эргэж ирэхдээ, сэтгэлтэй бүсгүй, эхнэртээ Туулын мөс бэлэг болгон авчирдаг байсан гэнэ лээ. Туулын мөсөө хайлуулаад үсээ угаахад сайхан өнгө ордог байжээ. Анх сонсчихоод инээдтэй ч юм шиг санагдаад байсан бол өөрөө говьд нэг жил болохдоо том бэлэг болохыг нь ойлгосон юм.

Говийн хүүхнүүд, Туулын мөсийг хаанаас нь ч харуулсан сайн таньдаг гэнэ лээ.


Tuesday, December 11, 2007

Гарчиггүй

За би гэдэг хүн учрыг нь ч сайн ойлголгүй, нэг мэдсэн чинь блог гэдэг гэртэй болоод, бас ч үгүй өдөртөө өөрөө гүйж очоод аяга цай хувааж, хэд гурван үг солих сайхан нөхдүүдтэй болов. Зарим найз нар маань энэ мэт өөрийн мэдэлгүй гүйх болсон учраа "ДОНТОХ" гэж нэрлэсэн. Хичнээн удаан блог гэж донтохоо сайн мэдэхгүй ч уншиж байгаа хүний цагийг барсан хэрэггүй бичлэг оруулчих вий гэж сүүлийн үед санаа зовох болоод байгаа. Өнөө өглөө хотоос гарах завшаан болж, "Утаагүй газрын зураг авъя" гэж олзуурхангуй байтал, гайхал утаа бүр Налайх хүртэл үргэлжилсэн хэвээр байв. Олигтой зураг ч авч чадсангүй.
За яахав дээ гээд Туул голын эрэг дээр зураг автал нэг иймэрхүү.
Энэ хэсэгт утаа арай бага байсан боловч, алсын барааг нь харахаар...

Monday, December 10, 2007

Хамгийн, хамгийн...

1905 оны газар хөдлөлтөөр үүссэн газрын хагарал нь дэлхийн хамгийн урт бөгөөд шулуун хагарлын нэг юм. Энэхүү газрын хагарал нь Сангийн далай нуур орчмоос Булнайн нуурууны араар Хан Хөхийн нуурууны хангилцагийн голын эхэн хүртэл нийт 300 гаруй км үргэлжилдэг. Нутгийн баруун хагас болон хойд хэсгээр өндөр уул , зүүн хэсгээр тал хээр өмнөд хэсгээр говь талын хэв шинжүүдийг бүрдүүлсэн байдаг. Уур амьсгалын хувьд эх газрын эрс тэс уур амьсгалтай өвөл нь хүйтэн , зун нь халуун, хавар намар нь өглөө оройдоо сэрүүн, өдөртөө дулаавтар, ялангуяа хавар салхи ихтэй учир шороон шуурга , элбэг байдаг манай орон нь ой мод багатай, нийт нутгийн 11,4 хувийг ой эзэлдэг.

Хамгийн өндөр цэг: Баян-Өлгий аймгийн нутаг Хүйтэн уул далайн түвшнээс дээш 4673м
Хамгийн нам цэг : Дорнод аймгийн нутаг Хөх нуурын хотгор далайн түвшнээс дээш 532м
Хамгийн том нуур: Увс нуур 3350км3
Хамгийн урт гол : Орхон гол 1124км
Төв цэг: Өвөрхангай аймгийн бүрд сумын нутаг, өвөр Хөшөөтийн булаг
Баруун захын цэг: Модтой хамар
Хоорондын зай : 2392км
Хойд захын цэг: Монгол шарын даваа

Өмнө захын цэг: Орвог Гашууны бор толгой
Хоорондын зай: 1259км

Ажил дээрээ байсан газрын зургаас эх авлаа.

Wednesday, December 5, 2007

Хуруу хошуу хоёр

Хуушуур бууз чимхээд
Хуруунууд завгүй байлаа
Хуниас чимхээс нь муудлаа гэж
Хошуу хажуугаас нь голоод
Энд ч гэрэлтжээ
Эгээл цоорч орхисонгүй
Тэнд зузаадаад
Тээглэж хахмаар болжээ гэв.
Эдвээр зэмлүүсэн хуруунууд
Эгдүү нь хүрсэн бололтой
“Ингэж муухай хийснийг минь
Идэхээ больж хайрлана уу?
Та, бидэнд үлгэр болгон
Тавыг хийж өгнө үү” гэв.
Идэх голох хоёроос
Илүү эрдэмгүй хошуу
Үлгэр үзүүлэх чадваргүй нь
Үзтэл ил байжээ.

Ш. Гаадамба
*** *** *** *** *** *** ***
"Унших бичиг-2" Сурах бичгээс авав.

Tuesday, December 4, 2007

Нэргүй шүлэг

Р. Чойном
Хөгшин залуугүй уугаад л
Хөдөө гадаагүй суугаад л
Зон олон маань нэг л
Зовсон шинжтэй байх юм
Ажлын бүтээл багадаад л
Арын хаалга ихсээд л
Улс орон маань нэг л
Унасан шинжтэй байх юм
**** **** **** **** ****

Monday, December 3, 2007

Онигоо

Бямбаа найзын блог дээр "Битгий уйлуулаарай" Г.Гантулгын эрчүүдэд хандсан сайхан шүлэг тавьчихаж. Сайхан шүлэг байна гээд бодохын завсарт FM радиогоор сонссон онигоо санаад оров.
Эмээ: Миний хүү хичээлээ хийж байна уу? Юу бодоов?
Хүү: Хичээлээ л хийж байна. Эмээ, "Гэргий" гэж юу гэсэн үг вэ?
Эмээ: Зиаг, /бодолхийлнэ/ Нэг сайхан хүүхэн гэрт нь орж ирээд "Гэр" "Гийгүүлэх"-ийг хэлж байгаа юм.
Хүү: "Авгай" гэж хэнийг хэлдэгийн бэ?
Эмээ: Бас л бодолхийлнэ. Муухай ааштай эмийг "Ав" авсан хойно "Гай" гэж байгаамаа.
Хүү: Тэгвэл "Нөхөр" гэж юу гэсэн үг вэ?
Эмээ: Зиаг, дутуугаа "Нөх" дараа нь "Өр" гэсэн үгдээ
Хүү: Аанхаан, тэгвэл "нууц амраг" гэж юу гэсэн үг вэ?
Эмээ: Дүрсхийн уурлаж, үгүй чи ер нь хичээл хийж байгаа юм уу? хэмээн чангаар дуугарч, хүүг юмаар цохиж байгаа дуу сонсогдоно.

...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...