Wednesday, October 31, 2007

Андуурах гэж...

Манай нэг найз TEDY-н хаалгаар орж явтал нэг их таньдаг хүн тааралдахаар нь:
- Сайн уу? хэмээн уулга алдан мэндэлжээ.
- Сайн, эгчээр сонин сайхан юу байна? (Бооёо)
- Тайвандаа. Чамаар сонин сайхан юутай? (манай найз)
- Тайвандаа. Та хэзээ ирэв?(Бооёо)
- Сая л нэг муу юм ирлээ.(манай найз)
- Юугаар ирээв?(Бооёо)
- Таксигаар хэмээн мэнд мэдэлцээд ажлынхаа өрөөнд орж иртэл, хамт ажилдаг хүн нь "Та Бооёог таньдаг юм уу?" (хошин урлагийн) гэхээр нь "Үгүй " гэсэн чинь "Та чинь тэгээд, хаалган дээр сая Бооёотой хууч хөөрөөд л зогсоод байсан ш дээ" гэсэн гэнэ. Тэгэхэд нь хүн андуурсан байна гэдгээ мэдэж бөөн инээд болсон гэсэн. Олны танил хүмүүстэй гэнэт нүүр тулахаараа таньдаг хүн шиг санагдаад л мэндэлсэн юм шиг байгаан. Хэхэхэхэ Бооёо өөрөө хүн андуурч байгаагийн мэдээд баахан явуулсан хэрэг л дээ. Инээдтэй.

Monday, October 29, 2007

Чингис хааны нууц түүх-2

За өмнөх бичлэгийг минь олон хүн уншсангүй. Гэхдээ уншсан хүмүүсээ хүндэтгээд амласан ёсоор үргэлжлэлээ оруулъя.
Тэв тэнгэр: Мэнлигийн солиот хэмээн олонд ад болдог байсан Хөхөчү өөрийн далд хүчийг Тэмүжинд зориулахаар түүнийг даган ирнэ. Хэрэв Хөхөчү Жамухыг даган, Жамухад зүтгэсэн бол Жамух ялах байжээ. Хөхөчүгийн хүч, ид шид батлагдаж, олонд алдаршиж, хүмүүсийн итгэлийг олохын хэрээр хувийн амбиц нь түүнийг Тэмүжинээс улс орныг нь булаах хүслийг төрүүлнэ. Тэв тэнгэр хэмээн өргөмжлөгдсөн нь түүний хүрээ улсын доторхи улс аятай байв. Итгэл бишрэл гэдэг сэлэм, мэснээс ч хүчтэйгээр хүмүүсийг дагуулдаг аж. Тэнгэр, лус савдагтай холбоотой түүнийг өөрийн гараар үгүй хийх нь Тэмүжинд аюултай тул ухаан заран байж, Хасараар хороолгоно. Тэв тэнгэр нь газар, лустай холбоотой байсан ба бөөгийн шашин Монголд эд хөгжиж байжээ. Жинхэнэ бөөгөөс үр удам үлддэггүй тул түүнд үр удам гэж байсангүй. Шашин төр хоёр яахын аргагүй тусдаа байх ёстой ажээ.
Мэнлиг: Мэнлиг нь Есүхэй баатарын боол байсан ба түүнийг нас барахад, эхнэр хүүхдийг нэг хэсэгтээ асарч ханддаг. Гэхдээ эзэн нь нэгэнт халин олдсон болохоор боол ч гэсэн эр хүн ажээ. Өүлэн эхийн хөвгүүд өсөхийн хэрээр Өүлэн эх бусдыг дагах биш, тусгаар байхыг илүүд үзнэ. Ингээд Мэнлиг, Өүлэн эхийг хөвгүүдийн хамтаар хаяж, Жамухын хүрээрүү нүүж очдог. Мэнлиг олон хөвгүүдтэй байсан ба түүний нэг нь сүүлд олондоо Тэв Тэнгэр гэж өргөмжлөгдсөн солиот Хөхөчү байв. Мэнлиг Хөхөчү хөвгүүнийхээ далдын хүчинд их итгэдэг байв.
Хасар: Есүхэй баатарын 2-р хөвгүүн. Хаан ширээг горьлох боловч, түүнд Тэмүжинд байсан дотоод хүч энерги байсангүй. Харин тэр биеийн хүч, элдэв байлдах урлагт шилдэг байсан. Сэтгэл нь цагаахан, өр зөөлөн хүн байв. Тэр зөн совингоороо Тэмүжинг хороож магад гэдгийг эртнээс мэдэрч байв. Тэр Өүлэн эхийн хайртай хөвгүүн байв. Зохиогчид Өүлэн эхийн хамгаас хайртай хөвгүүн гэдгийг тодруулахын тулд хамгийн сүүлд тэр эхийгээ ганцаараа сүүлчийн замд үдэж байгаагаар дүрсэлжээ.
Есү хатан: Чингис хааны 2-р хатан байв. Хаан Татаарыг дайлаар мордож, эзлэн аваад эгч дүү Есү, Есүгэн 2-хоёрыг хатан буулгадаг. Хулан хатан, Бөртө хатан хоорондын тэмцэл их хурц байсан бол Есү, Есүгэн, Бөртө нарын хооронд тэмцэл хурц байсангүй. Эгч, дүү хатад нуган хүү төрүүлсэнгүй, бас хаан ч Хулан хатанд хайртай байсан шигээ байгаагүй болохоор 3 хатны хооронд тэмцэл хурц байгаагүй болов уу. Түүнээс биш зохиол дээр гардаг шиг тэд группэн секс хийдэг байсан гэвэл жинхэнэ эх сурвалжаас зөрнө. 3 хатан хоорондоо эв эеийг сахьдаг байсныг зөвхөн уранзохиолын хэлбэрээр л дүрсэлжээ. /Буруу ч бодсон байж магад/ Төрийн эх хатан хүмүүс эв эеийг сахьж олондоо хүндэтгэлтэй байх нь нэгэнтээ эзэн хааны хатан хүн болсон учраас өчүүхэн биеийн жаргалыг огоорч, төрийн хэргийг нэн түрүүн тавих нь хатан хүний эрдэм ажээ.
Жамуха: Эх сурвалж дээр түүнийг нь боолууд барьж, эзэн хаанд өгч байдаг. Гэтэл энэ зохиол дээр Жамуха өөрийн боол Хантөмөрт өөрөөсөө урвасан мэтээр өчиг зааж өгдөг. Хөөрхий боол өөрийн эзнийхээ үгэнд итгэж, цаацлагдах хүртэлээ эзэндээ итгэсээр байдаг. Энэ үйлдлээр Жамухын хүн чанар, хувиа хичээмтгий чанарыг үзүүлжээ. Зохиол дээр Тэмүжинтэй яагаад тэрсэлдэх болсон бэ? гэдгийг Бөртөд дурлаж, Тэмүжинд хар муу санахдаа, Мэргэдүүдийг турхирч Бөртөгийг булаалгадаг гэж өгүүлсэн байсан. Бөртийг ингэж зохиолд оруулж өгсөн нь Жамуха, Тэмүжин нарын хоорондын тэмцэл хурц байсныг илэрхийлжээ.
За за олон юм бичиж уншигчдаа чилээсэн бол уучилаарай. Нуршуу болчихжээ.

Friday, October 26, 2007

Чингис хааны нууц түүх-1

Монголчууд бидний харийн нутагт ганц нүүр тахлах хүн бол суут богд эзэн Чингис хаан минь билээ. Нэг хоёр жилийн өмнө байхаа "Чингис хааны нууц түүх" /С. Удвал, С. Жаргалсайхан/ гэдэг номыг уншиж тухайн үедээ олон юм л эрэгцүүлж байсан шиг санагдана.
Энэ номыг зарим хүмүүс эзэн хааныг минь хэт сексэд дуртай болгож бичсэн байна. Арай хэтэрхий юм. Монголчуудыг дэлхийд гутаалаа гээд л шүүмжилж байсан. Юм хийсэн хүн нь шүүмжлэлд өртдөг хойно доо. Харин миний хувьд өмнө нь уншиж байсан Түүхийн номоос арай өөр талаас нь бичсэн болохоороо "Чингис хааны нууц түүх" гэсэн юм болов уу даа гэж бодогдож байсан. Тэгээд гол гол дүрүүдийн тухай санал бодлоо та бүхэнтэйгээ хуваалцъя гэж бодлоо.
1. Бөртө Хатан: Чингис хаан ёслож авсан 4 хатантай байв. Бөртө Үжин бол Их хатан бөгөөд Есүхэй баатар амьд сэрүүндээ хүү Тэмүүжиндээ сүй тавьсан байсан. Бөртө Үжингээс 4 хүү /Зүчи, Цагаадай, Өгөөдэй, Толуй/, 1 охин төрсөн ба, бусад хатад хүү төрүүлээгүй тул Бөртө хатнаас төрсөн хөвгүүдийн үр удам "Алтан ураг"-т тооцогддог юм байна. Бөртө хатан бол ухаантай хатан байжээ. Бусад хатанаас төрөх нуган үрийг ч зохицуулсны ачаар зөвхөн их хатанаас төрсөн хөвгүүд нь төрийн хэрэг барих алтан эрхийг өөрийн талдаа үлдээж чадсан. Хэрэв Бөртө хатанаас өөр хатан хүү төрүүлсэн бол хаан ширээний тэмцэл хурцдах байжээ. Хаан ширээг хэнд өвлүүлэх вэ? гэдэг асуудал түүний насны бодол байсан мэт.
2. Зүчи: Хэдийгээр Их хааны анхдугаар хүү гэх боловч, Бөртө хатанг Мэргэдэд булаагдсан үед олдсон хүү юмсанжээ. Тодруулбал, Мэргэдийн Чилгэр бөхийн хүү. Зүчи гэдэг нэрийг Өүлэн ээж өгсөн ба "Зочин" гэсэн утгатай. Зүчи өсөх багаасаа мөхөж сөнөсөн Мэргэдийн удам гэдгээ мэдэрч хатан ээжийнхээ үгнээс үл гарч хүмүүждэг. Түүнд хаан ширээнд суух бүхий л чадварууд байсан боловч Мэргэдийн удам гэдэг үндслэл түүний хүсэл зоригыг эрхгүй мохооно.
3. Хулан хатан: Эзэн хааны 4-р хатан буюу Мэргэдийн Дайр Үсэнгийн охин. Ер нь бол эмэгтэйлэг, хор шартай, бас эзэн хаанд үнэнч хатан байв. Хулан хатанд үр хүүхэд заяасангүй. Хаан, Хулан хатандаа илүү хайртай байсан болохоор хатад хоорондын тэмцэл ч ширүүн байсан бололтой. Хулан хатан, Бөртө хатантай их жөтөөрхөлцдөг байсан болохоор үрийн зулай үнэрлэж чадсангүй. Хулан хатан нас барсан боловч, сүнс нь эзэн хаанд хорогдсон юм болов уу даа гэж ойлгогдож байсан. Хулан хатан их хааны сэтгэлд тодорхой зохих хэмжээний орон зай эзлэдэг байсан ч амьдарлын сүүлчийн мөч хүртэл өөрөө ч учрыг нь олоогүй олон зүйл байсан. Энэ нь Бөртө хатаныг нэгэнтээ Мэргэдүүд булааж, Бөртө хатанаас Зүчи төрж, Бөртийн амин үр Зүчийн насны амьдралыг бусниулахад хор болсон Мэргэдийн удам гэдэг үндэслэл Хуланд хангалттай шалтгаан байв.
4. Хадаан: Хадаан бол Сорхон шарын охин. Тэр хэдийгээр харц хүний охин боловч Тэмүүжингийн зүрх сэтгэлийг залуугаасаа эзэмдэж байсан. Тэр их хааны хүүг төрүүлсэн боловч хаан түүнийг нь мэдэлгүй өнгөрнө. /Мэдээд ч дэмий биз/ Харин Боорчи, Хадааныг нас барахад Гэрэгэ хүү авч өсгөдөг. Гэрэгэ өөрөө ч хэний хүү вэ? гэдгээ мэдэлгүй өнгөрдөг.
5. Боорчи: Наху баяны ганц хүү. Тэмүүжинг найман шарга морио хайж байхад анх танилцаж, түүнээс хойш анд бололцож эзэн хаанд үнэнч зүтгэдэг. Боорчид хамгийн хүнд даалгаварууд ирдэг байсан мэт санагдана. Хасар болон Зүчиийг хороохдоо ч Боорчиийг зарна. Тэр зөвхөн эзэн хаанд үнэнч зүтгээд зогсохгүй, төр улсыг байгуулцаж, хөл дээр босгоход төрийн том түшмэлийн үүргийг гүйцэтгэсэн ажээ. Хаантай холбоотой олон нууцыг Боорчи хадгалаж үлдсэн. /Үргэлжлэл бий/

Wednesday, October 24, 2007

Эмэгтэй хүн гэж...

Ажлынхаа газрын эгчийн ярианаас сэдэв авлаа. Дүү нь Канадуудтай ажилладаг юм байна л даа. Тэгсэн чинь Канадууд нь эмэгтэй хүн амьдралынхаа явцад гурван ажлыг заавал хийсэн байх ёстой гэж ярьж байна гэнэ.
1. Хүүхэд төрүүлэх. Энэ ажлыг би эмэгтэй хүнийхээ нэрийг хамгаалж амжуулсандаа баяртай байгаа.
2. Цэцэг тарих. Энэ ажилд их хойрго хандаж байсан байна лээ. Харин өнгөрдөг зунаас гэртээ нэрийг нь мэдэхгүй нэг цэцэг тарьж эхлээд одоо бүр цэцэглэж байгаад их баяртай байгаа. Цэцэг маань ургаад ирсэн чинь бас нэмээд, энд тэндээс олж тариад байгаа.
Энэ цэцгийн нэрийг мэдэх хүн байвал хэлж өгөөрэй.
Халбаган кактус: Айлд тарьвал сайн гэнэ. Бүр том мод болтлоо ургасан байдаг юм билээ. Анх 4 навч л байсан юм.

Зуун наст: Эмчилгээний зориулалтаар шарх, сорвит хэрэглэдэг гэсэн. Одоогийн байдлаар манайд дээрх 3 цэцэг өнгөрдөг зунаас хойш ургаж байгаа. Эмэгтэй хүний хийх ёстой 2 ажил лав хийгдэж байгаа биз.

3. Бас нэг хийх ажил нь зохиол бичих юм гэсэн. Энэ ажлыг би сайн мэдэхгүй байгаа. Хийхгүй бол эмэгтэй хүн биш юм болов уу?

Thursday, October 18, 2007

Аялалын бяцхан адал явдлууд

Өнгөрдөг хагас сайн өдрийн оройн 7 хагасын үед Хамарын хийд аялах манай багийхан Улаанбаатараас Дорноговийг зүглэн микро автобусаар 9 эмэгтэй, жолоочоор нь ёстой залуухан хүүгээр багаа бүрдүүлж, холын замдаа гарсан юм. Уг нь бид өнгөрдөг 4 дэхь өдөр гэхэд Сайншанд хүртэл явах галт тэрэгний билет авахаар очсон боловч дууссан гэсэн хариутайгаар, багийн зарим нөхөд машинаар явах, нэг хэсэг нь ирэх долоо хоногт явах, бас нэг хэсэг нь амралтын ганц өдрийнхөө төлөвлөгөөг гаргамаар байна. Хэрэв явахгүй гэвэл "Б" төлөвлөгөөндөө орно гэж сандаргасан тул юу юугүй машинаар явахаар шийдсэн билээ. Жич: Бид Хамарын хийд явах талаар удирдлагатаа хэлсэнгүй. Одоогоор компани их ажилтай байгаа болохоор 11 сард яв гэх байх. Тэр үед хүйтэн болчих болохоор өөрсдөө яваад ирье гэж тохиролцсон юм л даа.

Очихдоо ч яахав. Дуулж хуурдаж, инээж шуугилдан шөнөжин явсаар өглөө 5 цаг хагаст Сайншандад ирлээ. Манай ажлын газрын нэг хүний эгчийнх нь Шанд дээр байдаг юм байна. Тэнд сайхан цай чануулж уугаад жинхэнэ аялалдаа орж, Хамарын хийд, Шамбалын орон, Ёлхойн хавцал, Хүслийн хар уулаар аялан, өдрийн 4 цагт Сайншанд дээр нөгөө айлдаа ирж, сайхан шөлтэй хоол идэв. Ингээд маргааш өглөө найман цагт ажилтай хүмүүс чинь хотруу эргэхээс яах билээ дээ. Шандаас гарахынхаа өмнө, микрогийнхоо дугуйг нөхүүлэн зогсож байтал, микрогийн хамгийн арын суудал дээр, хар нүдний шил зүүгээд унтаж байсан манай нэг жаатай эгч байдаг юмаа. Тэгсэн чинь нэг залуу ирээд нүүрэн дээр нь 10 мянган төгрөг гаргаж, "Явах уу" гэсэнд манай эгч зочин сэрээд, "Юун мөнгө вэ, Би авлаа шүү" гэдэг байна ш дээ. Бөөн инээдэм. Нөгөө залуу ч арилж өгөв. Тэгээд энерги авсан илт байна шүү. Шууд нүүрэн дээр нь мөнгөөр бороо ороод... гэх зэргээр муу эгчийгээ жаахан явуулав.

За тэгээд нар жаргаж байгаа тул бид холын замдаа яаравчиллаа. Урд шөнө нь унтаагүй байсан болохоор бидний нойр хүрээд... Жолооч маань ядарч байгаа тул Хар Айраг ч орж чадалгүй цаг гаруй унтахаар шийдэв. Хэсэг унтаад цааш явж эхэлтэл микро маань элсэнд суучихваа. Хүүхнүүдээ! буугаарай, түрээрэй гэж бие биенээ уриалан бууж хаа ч очиж дор нь түрээд гаргачихав. Цааш явж байгаад унтчихаж. Би сэрсэн чинь, машин явж байна, бүгд унтаж байна, жолооч хүү маань унтаагаараа машинаа барьж байх юм. Хүүе чи минь болохгүй гээд л... Жолоочийг сэрээх арга хэмжээ авч, өөрөө хажууд нь сууваа. Явж байтал суурин газрын гэрэл гарч, очтол өмнө нь ажлаар нэг удаа ирж байсан Олон-Овоо гэдэг газар болохыг нь танив. Бидэн дотор зам олигтой мэдэх хүн байсангүй. Олон-Овооноос Шивээ говь хүртэл заавал төмөр зам дагаж явалгүйгээр явж болно гэж санаад би зам заав. Зам товчилж байгаа нь тэр. Хүмүүс төмөр зам холдоод байгаа болохоор дургүй байгаа бололтой. Эндээс 42 км яваад л... гэсээр цааш явлаа. Хөөрхий дөө Шивээ говийн гэрлийн харж бөөн баяр болов. Гэтэл эрт баярлажээ. Шивээ говиос гарах гэж бараг 1 цаг болов. Шивээговийн төв дотор төөрчихдөг юмдаа. Би уг нь урьд нь 1 жил Шивээ говьд амьдарч, Шивээ-Овоод ажилласан хүн ш дээ. Шивээ говьд Оросууд амьдарч байгаад явахад, манай Монголчууд хөөрхөн суурин байсан газрыг юу ч үгүй эвдээд балгас болгоод хаячихсан газар л даа. Шивээ-Овоогийн нүүрс чинь 4-р цахилгаан станцын гол түлш болохоор төрөөс арга хэмжээ авч хөгжүүлж байгаа юм. Тэр балгас болсон байшин дундуур гараад явах гэтэл дулааны шугам хийж байгаа бололтой, энд тэндгүй ухаад хаячихсан байсан нь мунхаг намайг төөрүүлжээ. Жолооч маань хаа ч очиж нойртой хүн байв. Унтаад л... За миний дүү яаж ийж байгаад засмал зам дээр гаргачих. Эгч нь түүнээс хойш Нараагаар микрог чинь бариулъя гээд л... Шивээ говиос Шивээ овоо хүртэл 17 км, цааш 30 км яваад Чойр л доо. Арайхийн Чойрын өмнөхөн засмалтай нийлж жолоочоо солив. Бидний хэдэн хүүхэн дотроо л хамгийн жаатай, цагдаагаас зугтан давхиж чаддаг Нараагаа шууд микрогийн жолооч болгов. Хээр хөдөө сайхан юмаа. Нөгөө "Д" ангилалын үнэмлэх ч хэрэггүй мэт. Шинээр томилогдсон жолооч маань механик араатай машин анх удаа, микро автобус анх удаа унаж үзэж байгаа нь тэр. Араагаа залгахдаа гэрлээ асаахгүй бол чадахгүй тул би дасгалжуулагч хийв. Болоогүй ээ. Дасгалжуулагч гуай, бас хаяа унтчихна. Гэсэн ч зориг гаргаж эрүүл энх биднийгээ аваад ирсэн Нараадаа их баярлаж байгаа шүү. Цааш явсаар Төв аймгийн Баян сум дээр иртэл бурхан минь, шөнийн 4 цагт цагдаа ахын шүглийн дуу тасхийв. Нараа сандран шил арчигчаа хальт ажиллуулж ирээд л зогсов. Би ч хүмүүсээ сэрээрэй, цаан нь чинь цагдаа. Нараа, жолоочийг суудал дээгүүрээ даваад рулийнхээ ард суу гээд л, миний хажууд сууж байсан Мягааг буу гэтэл хойно хаалганы хажууд сууж байсан Баяраа эгч хаалга онгойлготол, заалны гэрэл асчихав. Хажууд "Амрыг эрье" хэмээн залуухан цагдаагийн дуу сонсогдлоо. "Хаанаас хаа хүрч байна?" гэхэд Нараа надаас хаанаас ирж байгаа билээ гэж асуухын. Би бодож бодож Хамарын хийдээс гэлээ. Цагдаа жолоочийг дагуулаад явлаа. 15 минутын дараа бид цааш урт аяллаа үргэлжлүүлэв. Цагдаа жолооч 2 учраа олсон бололтой. Өглөө 6 цагт гэртээ ирэв. Бөөн энергитэй хүн усанд орчихоод ажилдаа ирлээ. Өдөр бас манайхан Дэмчигийн хийд явах тухай яриад амжсан шүү. Монгол хүн байна даа унасан унаагаа магталгүй яахав. Холын замд манай микро ч харин сайн явсан шүү. Дан эмэгтэйчүүдийн баг явсан ч гэсэн сайхан аялал боллоо.

Tuesday, October 16, 2007

Хамарын хийд, энергийн төвөөр аялсан нь

Саяны өнгөрсөн бүтэн сайнд Дорноговь аймагт байдаг Хамрын хийд явлаа. Хамрын хийдээсээ цааш "Энергийн төв" "Шамбалын орон" "Ёлхойн хавцал" "Хүслийн уулаар аялаж маш сайхан амрав. Богино хугацаанд олон юм сонсож, мэдэж өндөр сэтгэгдэлтэй буцаж ирлээ. "Хамарын хийд" -г анх Говийн 5-р ноён хутагт Равжаа "Ламрин" дацангаар байгуулж сүсэгтэн олныг баясгаж байжээ. Номын хүч байгалийн хүчтэй хавсарсан тэр сайхан хийдийг 1938 онд эвдэж сүйтгэн одоо хуучин хийдийн туурь л үлджээ. 1990-д оноос олон хийд сэргэж байгаатай адил Хамарын хийд ч гэсэн дахин сэргэж байгаа юм байна.


Хамарын хийднээс хойш суваргууд цайран харагдах ба "Горооны зам"-р явж Шамбалын оронд ирнэ. Шамбалын оронд ирснээр өөрийн бузар бүхийг ариусгах зан үйлүүдийг хийж энергийн төвтэй холбогдож өөрийн биеийн дотоод эрчим хүчийг хөгжөөдөг ажээ. Зураг дээр байгаа суврагат орохын өмнө сайн гороолж өөрийн муу бүхийг "Адистад Жанлав ихтэй энэ газрын нөлөөгөөр миний бие, хэл сэтгэлийн муу бүхэн арилж байна" хэмээн дотроо баясалгаж, урьд өмнө үйлдсэн муу бүхнээ "Бирдийн ходоод"-д бичин хийж шатаана. Ингэснээрээ чи бүрэн ариусаж "Энергийн төв" дээр хөл нүцгэн гишгэх ба хөрвөөдөг. Ингэж хөрвөөснөөр өөрийн биеийн дотоод чавдарыг сайжруулах их энергийг биедээ авдаг юм байна. Яг энэ хэсэгт их сонин сэтгэгдэл төрөв. Нүдээ хагас анин гарын алгаа дээш харуулан хэвтэхэд нэг сайхан бие амрах шиг юу юугүй унтмаар санагдаж байлаа. Яг тэрүүхэн тэр орчимдоо галт уулын улаан барзгар чулуутай юм билээ. Хөл нүцгэн гишгэж байгаа мөртлөө хөлөнд тийм ч хүйтэн санагдсангүй, уланд чулуу хатгаж байгаа нь анзаарагдсангүй. Тэгээд цаана байгаа овоо дээр гарч "Энерги хөгжөөх" зан үйлийн нэг болох хойд зүгт харан зогсож Равжаа хутагтын "Үлэмжийн чанар" дуу дуулна. Сэтгэл хөнгөрч үнэхээр өөр орчин юм байна гэж бодогдож байв.

Тухайн үеийн номын мэргэн даянч нарын даян хийж ном баясалгаж байсан агуй бүхий "Ёлхойн хавцал"- гаар аялал үргэлжилсэн билээ. Ёлхойн хавцал нь Эрт үеийн галан галавын үед галт уулын дэлбэрэлтээс тогтсон хавцалд, говийн баян бүрдээр хүрээлэгдсэн байгалийн үзэсгэлэт газар ажээ. Хавар 5 сард "Далий ягаан" цэцэг цэцэглэдэг гэж тайлбарлагч хэлж байв. Далий ягаан нь Японы сакура боловч Монгол орны эрс тэс уур амьсгалын нөлөөгөөр бутлаг сөөгт ургадаг гэнэ. Хавар далий ягааныг цэцэглэх үер баясалгал хийвэл бас их энерги авдаг гэнэ лээ. Ёлхойн хавцалд "Дээд тив" "Дунд тив" Доод тив" гэсэн агуй байх бөгөөд Хутагтын шалгалтанд тэнцэх хүртлээ агуйд ном баяслагадаг байсан ба хэрвээ шалгалтанд тэнцээгүй бол үүрд тэндээ үлддэг гэнэ. Говийн 5-р ноён хутагтын дүрийг шог зураач Ц. Байды гуайн хүү Үлэмжбат бүтээж 2005 онд бүтээж залсан нь бас их сонирхолтой санагдав. Тэгээд ном хурж байсан агуйд орж суухад өөрт мэдэгдэхүйц сонин сэтгэгдэл төрж байна лээ. Ёлхойн хавцалд мөн "Эхийн умай" гэж байна. Түүгээр ороод гарвал сая эхээс төрсөн хүүхэд шиг ариунхан болно гэдэг юм байна. Равжаа хутагтын өөрийн хэлснээр "Тэнгэрт төмөр шувуу нисч хүмүүний амьдрал асар их өөрчлөгдөх тэр үед миний хэдэн шавь нар Эхийн умайд орохын тулд "Утай гүмбэн" заавал явж, хэдэн юмаа барах ёсгүй" хэмээн Ёлхойн хавцалд "Эхийн умай"-г босгосон гэнэ. Ер нь Равжаа хутагт эмэгтэй хүнийг дээдэлдэг байжээ. Шарын шашинд эмэгтэй хүнийг үзэх үзэл нь нэг их сайнгүй шүү дээ. Тийм болохоор эх хүн, эмэгтэй хүнийг чин сэтгэлээсээ хүндлэн бишрэх нь дотоод энергиэ хөгжүүлэх асар их чадварыг олгодог юм болов уу даа. Богино хугацаанд их олон зүйл мэдэж авсан ч хичээнгүйлэн товчилон орууллаа. Уншсан та бүхэндээ их баярлалаа. Ум сайн орших болтугай. Хурай хурай хурай.

Wednesday, October 10, 2007

Тэмээн дээрээс наран ойрхон

Миний ярих тэмээний тухай яриа хангайн хүнд сонирхолтой байж магад, харин говийнхон шоолох байх. За яахав шоолбол шоолно л биз.
За энэ тэмээ, адуу хоёрыг чинь гэршүүлж чадсан учраас л эртний нүүдэлчдийн Хүннү гүрэн хүчээ аван хөгжсөн юм гэсэн.
Хэдэн жилийн өмнө жуулчинтай хамт Өмнөговь явж анх тэмээний нуруун дээр гарсиймдаа. Нөгөө “Нийслэл хүү” киноны үйл явдлаас арай дээрээ бас. Эхний удаа унахдаа нэрэлхүү зандаа хөтлөгдөөд орилж чадаагүй. Золтой л уначихаагүй. Дүүжин даажин шиг юм болж байгаам чинь. Газар алсхан тэр доор харагдаад л…”Тэмээн дээрээс нар ойрхон” гэдэг үнэн ч юм шиг. Тэмээ унахад төрсөн анхны мэдрэмж нэг иймэрхүү байв.
Дэлхий дээр байгаа тэмээний 9,6 хувь нь хоёр бөхтэй тэмээ, ихэнх нь Монголд байдаг гэнээ. Тэмээ өл хоол даана, ус уухгүйгээр 40 хоног байж чадна гээд хүүхэд байхад унших бичгийн номон дээр биччихсэн байдаг байсандаа. Түүн дээрээ нэмээд сүүлд мэдэж авснаа сийрүүлэхэд тэмээ бас алсын барааг өдөр шөнө гэлгүй сайн ялгадаг гэнэ. Үнэрийг сайн мэдэрнэ. Худаг ус, айлын бууцыг 30 км-н цаанаас мэдэрдэг. Тэгэхэд хүн бид юун яасан 30 км-н цаадхи ус үнэрлэх манатай. Шөнө төөрвөл очих газраа баахан тойрчихсон байдаг ш дээ. Бас том биетэй мөртлөө зөөлөн ааштай, дуу хуур, уянгалаг аялгуунд дуртай нь нөгөө “Ингэний эшиг” баримтад кино дээр гардаг шүү дээ. Тэр Ингэний эшиг баримтад кино олон улсын кино наадмаас шагнал авсан гэнэ лээ. Сүүлийн үед 2 бөхтэй тэмээний тоо толгой багасч төрөөс тэмээний махыг зарахыг хориглоод байгаа ч гэсэн зах дээр зарж л байх юм. Манай тэмээ бол сүрлэг сайхан амьтан ш дээ. Би Казакстанд Зоопаркын тэмээ унаж үзээд их өрөвдөж байсан юм. Тэр тэмээний 2 хөлийн тойг нь бүр шир болоод хатуурчихсан, туранхай ч гэж… Ямар ч сайхан санагдаагүй л дээ. Харин Өмнөговьд тэмээ унаад “Тэмээн дээрээс наран ойрхон” гэж амандаа дуу аялаад жонжуулсан үзсэн. Гоё юм билээ. Хэрвээ хангай нутгийн хүн байвал тэмээ унах их сонирхолтой юм билээ шүү. Унаж үзээрэй. Энэ ботго хөөрхөн байгаа биз.

Monday, October 8, 2007

Мөнгөн усны аюул гэж юу вэ?


Хэдэн жилийн өмнө байгаль хамгаалах чиглэлээр нэг ажилд явж, тэндээс мэдэж авснаа одоо ч мартахгүй, түгшиж явдаг нэг асуудал байдаг. Манай улсад төсөв бүрдүүлэх гэсэн хэцүү асуудал байдаг. Гэтэл сүүлийн жилүүдэд төсвийн бүрдүүэлт овоо бүрдэж байна гэсэн сайхан мэдээ сонсох болоод "үгүй яахав дээ илт ард түмний нурууны ачаа бага болсон нь мэдэгдэхгүй байгаа ч гэсэн овоо доо" ухааны юм бодож байв. Төсвийн бүрдүүлэлтийн ихэнх хувийг "Эрдэнэт" үйлдвэр, үлдсэн хэсгийг нь сүүлийн үед хүчээ авч байгаа алтны компаниуд бүрдүүлж өгдөг ажээ. Алтны компани гэж сонсоод нэг зүйл дээр санал хуваалцмаар санагдлаа.
Монголчууд аль хувьсгалын өмнө 1910-д онд Бороо голын саваас алт олборлодог байсан ба алтаа ялгахдаа МӨНГӨН УС ашигладаг байсан. Гэтэл алт ялгах тогоо 1956 онд хагарч Бороо голын ёроолд 2-3 тонн мөнгөн ус асгарсан гэнээ. Бороо гол Сэлэнгэ аймагт байдаг. Ийм хэмжээний мөнгөн ус байгааг манайхан биш ЖАЙКА-гийн судалгааны багийнхан илрүүлсэн ба зөвшөөрөгдөх хэмжээнээс 5-20 дахин их байгааг тогтоожээ. Аюултай тоо баримт шүү.
Телевиз радиогоор мөнгөн усны хор хөнөөл гээд ярьдаг боловч хүмүүс тэр бүр хорыг мэддэггүй.
Метилийн мөнгөн уснаас болж үүсдэг Минамата гэж өвчин байдаг. Энэ өвчин анх 1953 онд Японы Минамата буланд их хэмжээгээр харсан болохоор Минамата өвчин гэж нэрлэгджээ. Минамата өвчин нь хүнд хэлбэрийн үедээ галзуурах, ухаан мэдрэлгүй болж улмаар нас бардаг. Харин хөнгөн хэлбэрийн үедээ шууд үхэлд хүрэхгүй ч толгой өвдөх, ядрах, амт үнэр ялгахгүй болох, чих дүнгэнэх зэргээр төв мэдрэлийн системийг гэмтээдэг. Мөнгөн ус нь хүний биед орсон бол задрахгүй, зөвхөн эхээс урагт дамжиж эх эдгэх үзэгдэл байдаг гэнэ. Түүнээс өөрөөр бол хүний биенээс бүрэн задарч гарах тохиолдол байдаггүй гэнэ. Харин тухайн урагт эхийн хордлогын хэлбэрээс улам хүндэрч илэрдэг гэсэн. Аймшиг.
Гар хөлний хөдөлгөөн зэргийг сайжруулах нөхөн сэргээх эмчилгээ хийдэг боловч бүрэн эдгэдэггүй. За энэ аймшигтай өвчин чухам яг юунаас болоод байна? гэвэл алтын уурхай болон бусад үйлдвэрийн хаягдалыг голд нийлүүлэхэд мөнгөн ус хэрвээ холилдсон байвал хамгийн түрүүнд загас өвчилдөг. Бид загас, далайн амьтныг хоол хүнсэндээ хэрэглэж, хаягдлыг нь гэрийн тэжээмэл муурт өгчихдөг шүү дээ. Тэгээд нэг л өдөр муурын нүд муудаж юм харахгүй байгааг мэдэж яав ийв гээд л... Гэтэл бас хэдэн жилийн дараанаас сохор, эсвэл доглон, дүлий хүүхэд төрөх болж, учир шалтгааныг нь судлахад мөнгөн усанд бохирдсон загас хүнсэндээ хэрэглэснээс гэсэн богинохон дүгэнлтэд хүрэх ажээ.
Хүн дээр минамата өвчин илрэх нь уддаг шалтгаан бол анх хордсон хүнд (их хэмжээгээр биш бол) өвчний шинж тэмдэг илэрдэггүй. Удамшиж 2 дахь үе дээр хөнгөн хэлбэрийнх, 3 дахь үе удам дээр өмнөх үеэс арай хүнд гэх мэтээр улам хүндэрч хамгийн сүүлд нь үхэлд хүргэдэг гэнэ.
Муур зэрэг нь хүнийг бодвол биологийн нас богинотой болохоороо хүн дээр илрэхээс өмнө мууран дээр мэдэгддэг ажээ. Дээрх зураг дээр үйлдвэрээс хаяж байгаа усан дотор улаан цэгүүдээр мөнгөн усыг тэмдэглэж цаашид задрахгүйгээр хүний биед хэрхэн орж байгааг харуулсан байна.
Үйлдвэр уурхайгаас хаяж байгаа хаягдал усан дахь мөнгөн усны зөвшөөрөгдөх хэмжээ 0,005мг/л байх ёстой байдаг бол Бороо голын ёроолд 2-3 тонн мөнгөн ус гэдэг үнэхээр аймшиг. Манайхан шинжилгээний хэрэгсэл, тоног төхөөрөмж, үнэтэй гээд байдаг юм билээ. (Уг нь шинжилгээний тоног төхөөрөмж байх нь байгаа) Бидэнд эрүүл биш эрхтэн дутуу төрөх аюул нүүрлээд байхад энэ асуудал дээр төрөөс бодлого барих ёстой биздээ. Ирээдүйд эрүүл биш хүн төрөөд байвал юу бүтээн байгуулах билээ. "ЭРҮҮЛ БАЙХ ТҮМЭН ЖАРГАЛАН" гэж их зохиолч маань нэгэнтээ шүлэглэн хэлсэн байдаг. Хоосон ядуу байж болно. Гагцхүү эрүүл байж л ирээдүйн тухай яриа үргэлжлэнэ гэж бодож байна.

Tuesday, October 2, 2007

Санжаасүрэнгийн Зориг

10-р сарын 02. Энэ өдрийн түүхийг жирийн ард иргэд мартахгүй ээ. Төрийн шударга түшээ энэ өдөр харамсалтайгаар амь үрэгджээ. Хэрвээ түүний амь насыг золгүй байдлаар, санамсаргүй егүүтгэсэн бол өдийд гэм буруутан тодорсон байх ёстой. Даан ч тийм биш юм шиг байна. Настай хүсүүс "Төрийн минь сүлд өршөө" гэж залбирдаг. Харин бид бусармаг нийгэмд амьдарсаар байгаад өтөл буурал болохоороо юундаа залбирна даа. Уг нь төр түмэн нүдтэй гэдэгсэн. Төрийн мэлмий ариун байж, бурханы оронд одсон эхийн сэтгэлийг амрааж, жирийн иргэдийн төрдөө итгэх итгэлийг сэргээх болтугай.
...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...