Tuesday, August 28, 2007

Бороон дундуур гэртээ харьсан нь

Өчигдөр орой аав хүүхдийн маань бичиг баримтыг шуудангийн микро автобусаар /хөдөөнөөс/ явуулсан юм л даа. Орой 9 хагасын үед жолооч руу нь залгатал одоо Улаанбаатарт орж ирж байна гэдгийн байна. Би ч хүүхдийнхээ бичиг баримтыг олж авах гээд гэрээсээ гараад иртэл цахилгаан цахиад юу юугүй л бороо орох нь ээ. Тэгээд яахав дээ нэг такси бариад Баянзүрхийн салбар тээврийн товчоон дээр давхиад очлоо. Гэтэл нөгөө ирж байна гэсэн микро байдаггүй дээ. Таксины жолооч буу гэсэн маягтай хараад байхаар нь бороо арай ороогүй болохоор нь буутал, юу юугүй усан бороо цутгачихав. Ашгүй нөгөө микро автобус ч ирлээ. Хүүхдийнхээ бичиг баримтыг нэг юм олж аваад такси барих гээд үзчихвээ хөөрхий. Юун такси баригдах манатай. Замын хажууд зогсож байгаа хүнийг зам дээр тогтсон усаар машинууд хайр найргүй будаад л... Зогсох такси ч алга. Аргаа барахдаа, нүхэндээ ус цутгуулсан зурам шиг амьтан хажуугийнх нь “БОСА”-д үсэрч ороод найзыгаа ирж аваач гэж утасдаж байж амь аврагдав. Зам дээр ус тогтсон байхад чинь яах гэж тийм хурдтай явдаг байнаа. Манай гэрээс 10 минутын зайтай газарт харих гэж бөөн адал явдал болдгиймдаа. Ядаж байхад гадаа харанхуй, гудамж гэрэлтүүлэггүй шүү. ЖОЛООЧ нар арай дэндүү юмаа.

Thursday, August 23, 2007

Нэрс жимсний ашиг тус

Нэрс жимсэнд цус төлжүүлэх үйлчилгээтэй марганец маш ихээр агуулагдсан байдаг. Түүнд агуулагдах бодис нь харааг сайжруулж, ажлаас болон хиймэл гэрлийн нөлөөнөөс үүссэн ядаргааг тайлж, шөнийн харалганг намжаана. Тиймээс энэ жимс нисгэгч, жолооч, программистуудад маш их ашигтай. Эдгээр мэргэжлийн хүмүүс нэрсийг зөвхөн зун намар бус, өвөл, хавар ч хэрэглэх хэрэгтэй. Нэрс хадгалалтын явцад өөрийн онцлог чанараа бараг алддаггүй. Үүнээс гадна нэрсэнд цусан дахь саахарын хэмжээг багасгадаг бодис илэрчээ. Хоёрдугаар зэргийн чихрийн шижинтэй хүмүүс үүнийг “навч-жимс” гэж зохицуулж хэрэглэх хэрэгтэй. Нэрсний үрийг ходоод гэдэсний өвчний үед хэрэглэхийг зөвлөдөг. Энэ жимс бол нянгийн эсрэг үйлчилгээтэй байгалийн антибиотик юм. Нэрс буйлны үрэвсэл болон хоолойн өвчинд ашигтай. Монголоос Японруу нэрсийг саяхнаас экспортолдог болсон байна лээ. Миний мэдэхийн Хангайн аймгуудад (Архангайн Тариат, Завханы Тoсонцэнгэлд) их ургадаг. Бас Хөвсгөлд их ургадаг гэсэн. Голдуу газраар мөлхөж ургадаг бол Хэнтий нуруунд бутлаг сөөгөнд ургадаг юм билээ. Элбэг газраа бол дороо л 10 л дүүрдэгсэн. Завтай бол өөрийн гараар түүсэн жимсийг хүнсэндээ хэрэглэх сайхан шүү. Нэрстэй савандаа элсэн чихэр хийгээд агаар оуулахгүй, сэрүүн харанхуй газар хадгалвал сайхан винотой болно. НЭРС жимс ашигтай шүү.

Аялах дуртай бол...

Ганган хос тогруу байгаа биз. Сүртэй гоёмсог харагдаж байна уу?


Саяны тогруу чинь Хоккайдогийн Күширо хотын Күширо нууранд элбэг гэнэлээ


Рамсарын гэрээ гэж мэдэх үү?

Өчигдөр охиндоо нэг юм тайлбарлаж өгөх санаатай хуучин номоо ухаж байтал 3 жилийн өмнө хийж байсан ажлын нооргууд бас нэг календарь гарч ирэв. Уг календарь дээр “Өгийнуурын ус намгархаг газрыг хамгаалах нь” гэсэн сэдэвт лекц семинарын үед бусад хүмүүстэй авахуулсан миний зураг гарсан байлаа. Тухайн үедээ Өгийнуурыг хамгаалах ач холбогдлыг бусад ард иргэдэд ч гэсэн тайлбарлаж ойлгуулах үүрэгтэй байв.
Тэгээд хожуу ч гэсэн лекц семинар дээр яригдсан зүйлээс блогтоо оруулж буй минь энэ. Өгийнуур бол Архангай аймгийн Өгийнуур сумын нутагт байдаг талын цэвэрхэн нуур юм. Нутгийн мал иргэд удны ус, бэлчээрийг нь их ашигладаг. Дээр үед улсаас загасны аж хуй эрхлэж байжээ. Гэтэл сүүлийн жилүүдэд Өгийнуур орчмын зэгс устаж, нуурын талбай багасаж, бас зарим газарт нь эвгүй үнэр гарах болжээ. Энэ нууранд олон зүйлийн шувуу амьдардаг тул олон улсын шинжээчдээс өндөр үнэлгээ авч, дэлхийн нийтийн өмч болсон билээ. Өгийнуур нь Рамсарын гэрээнд бүртгэгдсэн дэлхийд чухал нуур юм. Байгалийн баялгийг хамгаалж, түүнийг ухаалгаар ашиглахыг эрмэлзсэн олон улсын анхны гэрээ нь 1971 онд Ираны Рамсар хотод батлагджээ. Рамсарын гэрээ гэдэг нь олон улсын хэмжээнд, ялангуяа нүүдлийн шувуудын хувьд чухал ач холбогдол бүхий ус намгархаг газрыг хамгаалах тухай гэрээюм. (Агаарын бохирдлын Киотогийн протоколтoй төстэй)
Эрхэм зорилго: Бүс нутаг, улс, олон улсын үйл ажиллагаа болон хамтын ажиллагаагаар дамжуулан, ус намгархаг газрыг хамгаалж зохистой ашиглах зорилготой. Уг гэрээнд хамрагдсан улс:138 улс (2004 оны байдлаар) Рамсарын гэрээнд бүртгэгдсэн газар:1370 ус намгархаг газар, (Талбай нь120 мянган га газар ) Рамсарын гэрээнд манай улсын 13 нуур бүртгэгдсэн байдаг. Тэрхийн цагаан нуур ч гэсэн бүртгэгдсэн юм билээ.

Thursday, August 16, 2007

Мөөг даршлах тухай

Цагаан мөөгийг бороо орсны дараа түүнэ. Түүхдээ мөөгөн хүрээгээ аль болох гэмтээхгүй бас үндсээр нь шууд сугалаж авахгүйгээр хурц иртэй зүйлээр үндсийг нь үлдээж огтлон авна. Үндсийг нь гэмтээвэл дахин мөөг ургахгүй гэдийг санах хэрэгтэй. Түүсэн мөөгөө цэвэр усаар зайлж сэрүүн газар сэврээнэ. Мөөг даршилах сав нь шилэн эсвэл паалантай сав байх ёстой. Саваа цэвэрлэж ариутгасан байна. Угааж сэврээсэн мөөгөө дөрвөлжлөн хэрчиж, савныхаа доод хэсэгт давс нимгэн цацаж дэвсээд мөөгөө хийнэ. Мөөгний даршилагдах зузаан 3-5 см байхаар бодож давс цацан дэвсэж, мөөгөө дахин дэвсэн хийнэ. Энэ мэтчлэн мөөг, давсны үеийг 2-3 удаа хийсний дараа дээр нь зөөлөн чигжиж өгнө. Чигжихдээ модон нүдүүр ашиглаарай. Ингээд саваа дүүрмэгц агаар салхи оруулахгүйгээр сайн таглаад, харанхуй сэрүүн газар, 7-10 хоног хадгалаад хүнсэнд хэрэглэхэд бэлэн болох ба хар хүрэн өнгийн шүүсийн нь тусд нь шүүж хэрэглэсэн ч болно. Эсвэл шүүхэлгүйгээр хэрэглэсэн ч болно.
Цуйван, төрөл бүрийн хуургыг хийхдээ мах ногоотойгоо хамт мөөгөө хуурвал, мөөгний сайхан амт орно. Хийх хэмжээгээ өөрийнхээ хүссэн амтанд тохируулан хийнэ. Ингэж даршилсан мөөгийг хүнсэндээ хэрэглэвэл, хүний хөлс татардаг байна. Яланагуяа зуны цагт хэрэглэвэл илүү тохиромжтой. Гэхдээ анхаарах зүйл бий. Ходоод болон дотор гэдэсний шархтай хүнд тохиромжгүй. Шархыг нь улам сэдрээдэг гэнэ лээ.

Saturday, August 11, 2007

Япончуудын “Обон ясүми”-гийн тухай

Шүтээн буюу “Бондана” Японд эртнээс уламжлагдсан ирсэн зан заншил их байдаг. Жил бүрийн 8 сарын 14-16 өдрүүдэд “Обон”-г тэмдэглэдэг. Обон гэдэг нь “Урабана гэдэг Санскрид үгнээс гаралтай, бүрлээчийг хойд төрөлд нь амар амгалан байлгахын тулд түүний араас мөргөл үйлдэх бурханы шашны зан үйл юм. “Обон ясүми” гэдэг нь “Обоны амралт” гэсэн утгатай. Энэ амралтаараа Япончууд ээж аавдаа очих, дотоод, гадаадад аялах зэргээр өнгөрөөдөг байна.
“Обон” тэмдэглэх зан үйл нь бүс нутгуудын өөрсдийн онцлогоос шалтгаалан ялгаатай байдаг боловч гол агуулга нь адилхан байдаг. 8-р сарын 13-ны орой айл бүхэн өөрсдийн шүтээнийхээ өмнө “Мүкаэби” буюу тосох галыг асаадаг. Нэгэнтээ тэнгэрт одсон эцэг өвгөдийн сүнс өөрсдийнхөө үр удмын шүтээний өмнө асах галын гэрлээр үр удмаа таньж гэртээ орж ирдэг байна. Ингээд 8 сарын 14-15 өдрүүдэд өвөг дээдсийн сүнсүүд гэртээ байж 8 сарын 16-ны орой эргэж явдаг ба 16-ны орой “Окүриби” буюу үдэх галыг гаргадаг. Үдэх галын гэрлээр эцэг өвгөдийн сүнсийн диваажинд очих замыг гэрэлтүүлнэ гэж үздэг байна.
Эцэг өвгөдийн сүнсийг ирэхэд шүтээнийг тусгайлан засаж бэлтгэдэг ба “Бондана” гэдэг. Сүнсийг идээ ундаагаар элбэг дэлбэг дайлахын бэлэгдэл болгон хаш ногоон үхэр, өргөст хэмхээр морины хэлбэр гарган хийж, идээний дээжийг “
Бондана”-д өрж тавьдаг. Сүнс мориор ирж үхрээр буцна гэж үздэг тул сүнсийн хойдоход ихээхэн анхаарч тэдний замын унааг ч бэлэн байлгах гэсэн санааг агуулж байдаг.

Friday, August 10, 2007

Бидний хар амиа бодох бодол юунд хүргээд байна?

Зуны халуун өдрүүд өнгөрч, нэг үгээр хэлбэл хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашиж байгаа цагтай зэрэгцээд өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж эхэллээ. Цалин нэмэгдээгүй байтал, юмны үнэ өсөх нь хүмүүсийг ихээхэн бухимдуулж, жирийн албан хаагчийн "Цалингаараа ч барахгүй нь дээ" гэсэн бодлыг улам бататгаж өгөх мэт. Ингэхэд "Танайд зарим юмны үнэ дэлхийн зах зээл дээрээс ч хэт үнэтэй байна" гэх үгийг яагаад жирийн нэг муу орчуулагч сонсоход хүрдэг юм болоо? Нэгэн жишээн дээр мунхаг би тайлбар хийхийг хичээе. Монголд төмрийн ордыг одоогоор ашиглахгүй байгаа болохоор бид хуучин төмрийн хаягдлыг DMP буюу бидний хэлж заншсанаар Дарханы төмөрлөгийн үйлдвэрт цуйвж, барилгын материалын арматуруудыг дотооддоо үйлдвэрлэдэг. Чанарын хувьд сайн, олон улсын чанарын стандартуудыг (ISO 9001, JIS-G-3112, MNS) хангасан манай улсын өмнөө барих брэндүүдийн нэг яах аргагүй мөн билээ. Чанартай бөгөөд эрэлттэй бүтээгдэхүүн зах зээл дээр өндөр үнэтэй байдаг хуулийн дагуу бас ч чамгүй үнэтэй. /1 тн арматур 760,0 мянган төгрөг/ Олдоц ховор тул бага хэмжээгээр хэрэглэх төмрийг хуучин төмөр зардаг захаас худалдаж авахаар боллоо гэж саная. Компаниудын гүйдэг няравын хэлж байгаа үнийг хувийн жингээр нь хөөн бодоход үйлдвэрээс шинээр гарч байгаа төмрөөс ч үнэтэй тусдаг. Яагаад гэвэл хуучин төмрийн зах дээр ажиллаж байгаа наймаачин /ченж гэдэг/ өөрийн олох ашиг дээр худалдан авагчийг зуучилж өгсөн зуучлагч /таньдаг хүн/ гүйдэг няравын хүртэх хувийг оролцуулна. За тэгээд хувь хүртэх хэн хэн байна бүгдийг нь оруулна шүү дээ. Жолооч, бас бус наймаа хийж байхад процессийг мэдсэн бүхэнд хувь хүртээнэ. Хүртэх хувь хэмжээ нь хүртэл тогтсон ханштай гэнэлээ. Доод тал нь үнийн дүнгийн 10% гэсэн байхаа. Ингээд л Монголд дэлхийн зах зээл дээрээс юм үнэтэй болж, хүмүүс ч зөвхөн цалингаараа амьдрах арга сүвэгчлэхгүй, цалингаасаа бусад орлогыг өөртөө оруулж чаддаг байна. Үгүй ер нь ичих булчирхай байна уу? ТӨҮГ болон альваа төрийн гэсэн байгууллагууд өмчийг иймэрхүү байдлаар шамшигдуулдаг. Үүнийгээ бас хаялагатай ажил, хаялага муутай гэх мэтээр ангилчихна. Дээрхи байдал өөр ямар ч байгууллага дээр гарч байдаг. Хувийн байгууллага арай бага шамшигдуулдаг байх. Эзэн нь өөрийн юмандаа сайн хяналт тавихгүй бол хөрөнгийн эзэн амаараа шороо үмхэнэ гэсэн үг. За тэгээд гадаадын хөрөнгөөр санхүүжигдэж байгаа элдэв төсөлүүд байна. Төсөл дээр ажиллаж байгаа гэж сонсвол, бусад хүмүүс мөнгөөр бороо орж байдаг юм шигээр л төсөөлдөг. Арай дэндүү байгаа биз. Энэхүү хөрөнгө мөнгийг шамшигдуулж байгаадаа огтоос юман чинээ бодохгүй шүү. Дээрхи жишээн дээрээ эргээд тайлбарлахад хэт үнэтэй нөөцийг "орц"-д оруулахаар бүтээгдэхүүн болж байгаа "гарц"-н үнэ өсөхөөс яах билээ. Үнийг тогтоохдоо өртөгт суурилах аргаар эсвэл ихэнх тохиолдолд зах зээлийн үнээр тогтоодог. Бид өөрөө өөрсдийнхөө цалингаараа амьдрах алтан боломжийг алдагдуулаад байгаа юм биш үү????
...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...